-У.ХҮРЭЛСҮХ УГААРТАЖ НАС БАРСАН ИРГЭДИЙН АСУУДЛААР
НЭГ Ч ҮГ ХЭЛЭЛГҮЙ, ХЯРЛАА-
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлснээр 2019 оны 10 сарын 04-21-ны өдрийн хооронд шахмал түлшний угаарын хийд 549 хүн хордосноос найман иргэн нь амиа алдаад байна.
Амиа алдсан хамгийн сүүлийн иргэн бол гуравхан настай балчир охин юм. Ээжийгээ тэврээд унтсан бяцхан охин өглөө нь сэрээгүй харамсалтай хэрэг одоог хүртэл олны сэтгэлийг эмзэглүүлж байна. Ээж нь охиноо нас барсныг ч мэдэлгүй өнөөдрийг хүртэл эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаа. Эмнэлгийн гадаа зогсох гэр бүлийнхэн хагацал үзэж зовох, ухаангүй охиноо нэмээд алдах вий гэж шаналахын дунд тарчилж байгаагаа ярьж байна.
Харин албан тушаалтнууд угаарын хийд хордсон дуудлага багасч байна, агаарын бохирдол буурч, бохирдлоос үүдэлтэй өвчлөл багасч байна хэмээн мэдэгдсээр.
Тэр бүү хэл наймын найман иргэн амиа алдчихаад байхад зохих шатны түвшний хариуцлагатай албан тушаалтны хэн нь ч УУЧЛАЛТ ГУЙЖ, ХАРИУЦЛАГА хүлээсэнгүй.
- Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй, оруулсан хүн бүртэй хатуу тэмцэнэ,айл өрх бүрийг сайжруулсан шахмал түлшээр хангана хэмээн мэдэгдэж Засгийн газрын түвшинд бодлогын гол ажлыг нугалсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд угаартаж нас барсан иргэдийн асуудлаар нэг ч үг хэлэлгүй, хярлаа. Таг чиг, нам гүм байсныг та бүхэн анзаарсан уу.
- Уг ажлыг гардан зохион байгуулагч Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гүн эмгэнэл илэрхийлсэн болоод “Утаанаасаа салах боломжоо бид үгүйсгэж болохгүй. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх ёстой. Алдаагаа олж засч, залруулна. Шалгах зүйл маш их байна. Айл өрхүүдэд нэг удаа угаарын хий хэмжигч багаж үнэгүй суурилуулна” гээд ам таглав.
-Харин түүний орлогч Ж.Батбаясгалан бүх бурууг иргэд рүү чихэв. Тэрбээр иргэд стандартын шаардлага хангаагүй зууханд гал түлсний улмаас нас барсан. Иргэд хэнэггүй байна. Яндангийн хавхлагаа хаасан байсан. Нас барсан иргэний гэрийнх нь яндан нь намхан, ханын пийшэн нь онгорхой цоорхойтой байсан. Иргэд буруу галласаны улмаас нас барсан гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүргэв.
-Найман иргэн амиа алдчихаад байхад Хүний эрхийн комисс нь өнөөдрийг хүртэл дуугарсангүй. Төрийн үйлдвэрийн түлшинд хордон иргэн нь нас барсаар байхад эрхийг нь хамгаалж дуугарах гол байгууллага амандаа ус балгасан мэт байлаа.
-ЗУНЫ ГУРВСАН САР ЗУГААЛАХЫНХАА ОРОНД ИРГЭДЭД ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨГ ӨГӨХ БАЙЛАА-
Хэрвээ өнөөдөр төрийн биш хувийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн түлшинд найман иргэн нас барж 600 орчим иргэн эрүүл мэндээрээ хохирсон бол Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага нь яаралтай арга хэмжээ аван аль хэдийн компанийнх нь үйл ажиллагааг зогсоож, үйлдвэрийг нь лацдан, даргыг нь шоронд хорьсон байх байлаа. Харин төр өөрөө түлш үйлдвэрлэсэн учраас хариуцлага гэх зүйлийг ярилгүй гүлдийж гүрийсээр байгаа нь энэ юм.
У.Хүрэлсүх, С.Амарсайхан нарын хэн нь ч угаартаж нас барсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр өгөх, эмчилгээний зардлыг төрөөс даах талаар ярьсангүй. Төр иргэддээ ийм энэрэнгүй бус хандаж болох уу. Угаартсан иргэд эрүүл мэндээрээ хохирохын зэрэгцээ эмчилгээний зардалд доод тал нь 500-1.000.000 төгрөгийг гарлагадаж байна хэмээн хэлж байна. Ганцхан жишээ хэлэхэд, иргэд хордлого тайлах маш үнэтэй тариаг өөрсдөө авч байна.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 онд Азийн чоно ХХК-ийн архинд 15 иргэн хордож нас барахад Мэргэжлийн хяналт, ОБЕГ, цагдаа нь очоод үйлдвэрийг шууд хааж, үйл ажиллагааг нь зогсоож байв. Яг нэг жилийн дараа буюу 2008 онд уг хэргийг шүүх шийдвэрлэж буруутай этгээдүүд буюу тус компанийн удирдлага болон бусад албан тушаалтнуудад хариуцлага ногдуулж байсан.
Энэ бол хувийн үйлдвэр төрийн компанид хандаж буй хандлагын ялгаа, ганц л жишээ.
Төр хариуцлага хүлээдэггүй гэдгийг угаарын хийд хордож амиа алдсан иргэдийн хэрэг харууллаа.
Хэрвээ Тавантолгой түлш ХК, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан зуны гурван сар зугаалахынхаа оронд иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллээ хүргэж, шахмал түлшний шуудайн дээр нь галлах зааврыг хүргүүлж, “Зуухаа сайжруулаарай, пийшэнгээ бөглөөрэй” гэх анхааруулгыг өгсөн бол найман иргэн амиа алдаж, 600 орчим хүн эрүүл мэндээрээ хохирох байсан уу.