Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Парис хотноо өчигдөр /2025.11.17/ уулзаж, Украинд 100 ширхэг "Rafale" сөнөөгч онгоц нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэхүү шийдвэр нь Украины Зэвсэгт хүчний агаарын боломжийг эрс нэмэгдүүлж, Оросын эсрэг дайнд стратегийн өөрчлөлт авчрах магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа аж. "Rafale" нь Францын олон үүрэгт, өндөр маневр сайтай, орчин үеийн электроник, зэвсэглэл бүхий сөнөөгч онгоц аж. Тухайлбал, тус сөнөөгч онгоц нь урт тусгалын пуужингаар газарт болон агаарт цохилт өгөх чадвартай, довтолгооноос хамгаалах дэвшилтэт системтэй, НАТО-гийн стандарт бүрэн нийцдэг байна.
Эдгээр онгоцнууд Украинд ирснээр агаарын хамгаалалтыг сайжруулах, фронтын шугам дээр Оросын агаарын давуу байдлыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа ажээ. Францын тал уг дэмжлэгийг “Европын аюулгүй байдлыг хамгаалах стратегийн алхам” гэж тодорхойлсон бол Украин улс дайны явцад эргэлтийн цэг болохуйц шийдвэр хэмээн үнэлсэн байна.
Эх сурвалж: BBC