2010 онд Засгийн газар /ЗГ/-аас Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн хэрэгжүүлэх тогтоол гарч, улмаар дотоодын “Кью Эс Си” компани шалгарч 2014 онд үйлдвэрийн бүх менежментийн эрхийг тус компанид шилжүүлж, зургаан үндсэн асуудлын хүрээнд Концессын гэрээ байгуулсан байдаг.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг шинэчилж байсан "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээг улс төрийн шалтгаанаар цуцалж үйлдвэрийг төрийн өмчид авсан байдаг. Цуцлах болсон шалтгаан нь тус компанийг төслийн хүрээнд юу ч хийгээгүй, гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаагүй, үүргээ биелүүлээгүй гэх. Иймд бид тус компани "үнэхээр юу ч хийгээгүй юу" гэх асуултад хариулт хайж газар дээрээс нь сурвалжлалаа.
ВИДЕО:
Тодруулбал, тус компанийн зүгээс гангийн үйлдвэр барих чиглэл, бэлтгэл ажлын хүрээнд төмөр зам, автозам, агаарын цахилгаан дамжуулах шугам гэх гурван дэд бүтцийн ажлыг бий болгосон талаар бид өмнө мэдээлж байсан. Тус ажилд нийт 700-800 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад байсан юм. Харин компанийн зүгээс үйлдвэрийг анх менежментийн эрхийг авч ажиллуулж эхлэхэд жилийн орлого ердөө 40-50 тэрбум төгрөг байснаас улсад 2-3 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан байна.
Тэгвэл үйлдвэрийг 2014 оноос хойш хөдөлгөж үйл ажиллагааг жигдрүүлснээр жилийн орлого 400 тэрбумд хүрч улсад 80 гаруй тэрбумын татвар төлж эрс өссөн үзүүлэлттэй байжээ. Тэгвэл тус компанид тухайн үед Гангийн үйлдвэртэй болоход цахилгаан эрчим хүч болоод газрын асуудал тулгарсан байдаг.
Улмаар коксоор эрчим хүчээ шийдвэрлэдэг домэйн зуухны технологиор гангийн үйлдвэрлэлийг хийх гарц олж, 2021 онд есдүгээр сард батлуулсан байна. Газрын асуудал ч 2021 оны аравдугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн.
Ийнхүү үйлдвэрийн ажлаа эхлүүлэх үүд хаалга нээгдээд байсан ч төрд авах буруу шийдвэр нь өдгөө хар мөрөө үлдээсээр. Ган бол Монгол Улсад нэн шаардлагатай стратегийн гол бүтээгдэхүүн. Хэрэв тус компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй байсан бол батлагдсан шинэ Техник эдийн засгийн үндэслэлээр 2024 оноос эхлэн анх удаагаа Монгол Улс дотооддоо төмрийн хүдрийг хайлуулж, жилд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй болох байжээ.