Л.Энх-Амгалан: Багш нарын 442 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна

Л.Энх-Амгалан: Багш нарын 442 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын дипломын шалгалтын үр дүнг танилцууллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдөр сургууль, цэцэрлэг, багш удирдах ажилтны боловсролын баримт бичигт хийсэн ажлын хэсгийн тайланг танилцуулна. Та бүхэн санаж байгаа байх, Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэмтээсэн хэрэг өнгөрсөн онд гарсан. Тухайн багш хуурамч дипомтой байсан гэх шүүмжлэл нийгэмд өрнөсөн.

Иргэдээс боловсролын байгууллагад хуурамч диплом байгаа юм биш биз дээ гэсэн гомдол ирсэн учраас цэгцлэхийг зорьсон. Энэ дагуу Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хяналт мониторингийн газрынхан энэ оны гуравдугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шалгалт явууллаа. Энэ хугацаанд ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах  улмаар төрийн байгууллага руу халдсан үйлдэл гарлаа. Мөн 400 гаруй хуурамч диплом байж магадгүй гэсэн цаасан баримт алдагдсан, компьютрын хард алдагдсан. Шалгалтын хүрээнд 21 аймаг 9 дүүрэгт 71 мянган диплом байна. ЕБС-ийн түвшинд 51 мянган багш байна. Тэгэхээр нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Бид 59 мянган дипломыг шалгаж 12 мянга нь шалгагдаагүй үлдсэн. Өнөөдрийн байдлаар 442 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна" гэлээ. 

Б.Баасандорж: Хуурамч диплом олгосон хүмүүсийг шалгаж тогтоосны дараа нэрийг нь зарлана

МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Энэ шалгалтыг МХЕГ болон БШУЯ хамтран хийсэн. Шалгалтын үр дүнд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчил илэрсэн учир энэ илэрсэн 724 зөрчилтэй бичиг баримтыг холбогдох хууль, хяналтын байгууллагад эрүүгийн хуульд заасны дагуу шилжүүлэх үүрэгтэй байдаг. Ийм учир цагдаагийн байгууллагад шилжүүлж байгаа.

Сайдын хэлсэнчлэн нэлээдгүй илэрсэн зөрчил нь дипломын дугаар давхардсан зөрчил юм. Энэ нь бусдын овог, нэрийг ашигласан, гарын үсгийг дуурайсан, дугаарыг өөрчилсөн гэх мэт. Мөн бүртгэлгүй дипломын дугаарыг хуурамчаар үйлдсэн бол боловсролын байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан буруутай үйлдэл илэрсэн. Өөрөөр хэлбэл, хуурамч гэдгийг нь мэдсээр байж тамга тэмдэг дарсан гэх мэт зөрчлүүд байгаа юм.

Түүнээс гадна, мэргэжлийн дипломоо аваагүй буюу их дээд сургуульд дөнгөж суралцаж буй оюутан залуусыг багшаар ажиллуулсан гэх мэт зөрчлүүд илэрсэн. Ийм учраас эдгээр 724 дипломын зөрчилд ямар албан тушаалтан, мэргэжилтнүүд хамтран оролцсон байгааг тогтоосны дараа нэр устай нь зарлана" гэлээ.