Ажиа гэгээнтэнд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгожээ

Ажиа гэгээнтэнд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгожээ

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэн Эрдмийн танхимд цугласан эрхмүүд болон зон олонд хандан “Би Монгол Улсад ирээд арав гаруй хоног болж байна. Өнөөдрийн энэ сайхан өдөр Монгол Улсын их сургуулиас надад “Хүндэт доктор” хэмээх хүндтэй цол олгож буйд сэтгэл догдолж байна, маш их баяртай байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд бурхан номын ерөөл уншсан юм.

Ажиа гэгээнтэн энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр Монгол Улсад болон дэлхий дахинд олон зуун ажил хийснээс товчлон дурдвал, өөрийн үүсгэл санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн. Ангиограф төв, Хагалгааны өрөө, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Цусны эмгэг, хорт хавдрын тасаг бүхий энэхүү эмнэлэг өдгөө олон хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр байна. Ажиа гэгээнтэн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг байна.

Мөн Ажиа гэгээн 2019 оноос эхлэн их дээд сургуульд сурах чин хүсэлтэй ч боломж нөхцөлөөр хомс хүүхдүүдэд зориулж ‘’Зөв’’ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрт нийт 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм. “Зөв” тэтгэлэгт хөтөлбөр их, дээд сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрөөс гадна дотуур байр, сургалтын хэрэглэгдэхүүний зардал зэргийг бүхлээр нь олгодог цогц тэтгэлэг юм.

Түүнчлэн Ажиа гэгээнтэн Монголын өндөр настан, ахмадууддаа зориулж “Ахмадын хөгжлийн төв” байгуулсан бөгөөд тус төв өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ. МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд болсон уг ёслолд ахмад, эрдэмтэн, доктор, профессор, багш нар, салбар салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцсон юм.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө