Япон парламентын гишүүд  “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагчидтай хамт "Сакура" тарьжээ

Япон парламентын гишүүд “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагчидтай хамт "Сакура" тарьжээ

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн нийт 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж буй.

Энэ хүрээнд Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши болон Япон Улсын Либерал ардчилсан намын гишүүд, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Цүтомү Табэкэ зэрэг тэргүүтэй японы бизнес, хувийн хэвшлийн төлөөлөл 80 гаруй зочид 2022 оны наймдугаар сарын 21-ний өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиар зочилсон байна.  Зочдыг тус сургуулийн удирдлага, сурагчид угтан авч, сургуулиа танилцуулж, урлагийн бяцхан тоглолт сонирхуулж, сурагчдын төлөөллөөс зочдод мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын тунхагласан “Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил”-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” төслийн хүрээнд ирсэн зочид сурагчидтай хамтран мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж сакура цэцэг тарих ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.