Ховд аймагт Хөшөөтийн уурхай-Булган боомт-Байтагбогд чиглэлд нүүрс тээвэрлэх зориулалттай 95 км хатуу хучилттай авто замын шав тавих ёслол өчигдөр боллоо.
Тус замыг 247 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барьж, 2028 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Замын төслийг Монголын "ГЦЦЭ" ХХК болон БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Цонж аймгийн “Чэнь Юнь Хайна” ХХК хамтран, өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Тус авто зам ашиглалтад орсноор Монгол Улсын нүүрсний экспортыг жилд 10 сая тонноор нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. "ГЦЦЭ ХХК" нь 2025 оны наймдугаар сард холбогдох гэрээг байгуулж, тусгай зориулалтын хүнд даацын авто зам барих бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Замыг барьж ашиглалтад оруулсны дараа 30 жилийн хугацаанд ашиглах нөхцөлтэй гэрээ байгуулсан талаар ЗТЯ-ны Бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир шав тавих ёслолын үеэр мэдээлжээ.