Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд үүний 97 орчим хувийг ОХУ-аас авдаг. Тиймээс оросын шатахууны нийлүүлэлт доголдох бүрд манай улс дагаад хомсдолд орж, иргэд шатахуун түгээх станцуудын үүдэнд хонох шахам дугаарладаг болсон. Энэ хараат байдлаас гарахын тулд Монгол Улс дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлж, одоогоор 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа билээ.
Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 10-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах чиглэл өгсөн. Хар ухаанаар бодсон ч энэхүү үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсны дараа хамгийн эхэнд газрын тос хэрэгтэй болно. Үүний тулд Монгол Улс газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлж, нөөцөө өсгөх зайлшгүй шаардлагатай болоод буй. Иймдээ ч сүүлийн жилүүдэд хэд хэдэн байршилд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа билээ.

Харамсалтай нь өчигдөр /2026.08.14/ Дорнодын Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдыг хамарсан Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажлыг эсэргүүцсэн үйл ажиллагаа өрнөлөө.
Тодруулбал, өөрсдийгөө тэмцэгч хэмээн тодорхойлсон Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий этгээдүүд болон цөөхөн нутгийн иргэд хамтран хайгуулын талбайд очиж, өрөмдлөгийн ажлыг эсэргүүцэн, кемпийн байгууламжид халдсан дүрс бичлэгийг өөрсдийн цахим хуудсаараа шууд дамжуулсан. Үүгээр зогсохгүй хайгуулын ажил хийж буй хятад ажилчдын гадаад пасспортыг цагдаагийн гараас булааж аван шалгах, дайрч доромжлох зэргээр удаа дараа зохисгүй үйлдэл гаргаж байлаа.
-ИРГЭДЭД БУРУУ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ТУРХИРЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ-
Иргэд эсэргүүцлээ илэрхийлж болно. Гэхдээ Г.Адилбиш, Г.Солонго нарын этгээдүүд төдийгүй ер нь хэнбугайд ч зөвшөөрөлгүйгээр ажлын кемпэд нэвтэрч, эд хөрөнгөд халдан, хайгуулын үйл ажиллагааг хүчээр зогсоох эрх байхгүй. Хэрвээ манай улсад Тагнуулын байгууллага байдаг бол энэ "галзуучуудыг" шалгаж, үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх шаардлага байна, иргэд ч шаардаж байна. Учир нь энэ бүхний цаана хэний ч хөндөж болохгүй, Монгол Улсын эрх ашиг яригдаж буй юм. Цахим орчинд энэхүү шуугиан газар авсны дараа Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцож буй иргэдэд нийтийн хэв журмыг зөрчихгүй байх, тавьж буй асуудлаа эрх бүхий байгууллагад хуулийн дагуу хүргүүлж шийдвэрлүүлэх талаар шаардлага тавин ажиллаж байгаа хэмээн "аргацааж" байгаа аж.
Түүнчлэн шатахууны шуурхай штаб өнөөдөр мэдээлэл хийх үеэр АМГТГ-ын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Монгол Улс 2028 ондоо багтаан газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс хайгуулын ажил бол дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үндсэн суурь ажил. Гэтэл үүнтэй холбоотойгоор иргэдэд буруу мэдээлэл өгч, буруугаар тайлбарлан эсэргүүцэл, турхиралт бий болгож байгаа нь харамсалтай” хэмээн ярисан билээ.
ВИДЕО:
Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд өчигдөр үдээс хойш "Дорнод аймгийн цагдаагийн газар, Матад сумын цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж газрыг чөлөөлүүллээ" гэсэн бичлэгийн мөн цахим хаягаараа нийтэлсэн байна. Тодруулбал, Матад сумын засаг дарга "Монголиа фойсон энержи" компани зөвшөөрөлгүй газар ашиглаж, түр оршин суух сууц барьсан тул дээрх газрыг наймдугаар сарын 17-ны дотор чөлөөлсүгэй" гэсэн захирамжийг гаргасан байна. Угтаа нэгэн сумын "хурган дарга" улсын эрх ашгийн өмнө хөндлөн хэвтсэн хэрэг болжээ.

- "МОНГОЛИА ФОЙСОН ЭНЕРЖИ" КОМПАНИ НАЙМАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 49.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА -
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байна. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар Бүтээгдэхүүн хуваах гэрээ /2024.11.21/ байгуулжээ.

Энэ нь газрын тосны шинэ талбайд найман жилийн дараа байгуулсан гэрээ юм. Гэрээгээр тус компани хайгуулын найман жилийн хугацаанд 49.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, геологийн мэдээлэл цуглуулах, соронзон болон хүндийн хүчний судалгаа хийх, 2D болон 3D чичирхийллийн судалгаа явуулахаас гадна 13 хайгуулын цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Тус компанийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” ХХК нь өрөмдлөг, шингэн хагалбар, каротажийн ажлыг гүйцэтгэхээр байгаа бөгөөд 2007 оноос газрын тос болон уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай компани аж.
Энэ талбайн хайгуулын зорилго нь хэрэвзээ нефт илэрвэл Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эдээ 100 хувь нийлүүлж, улмаар Монгол Улсын газрын тосны нөөцийг өсгөхөд чиглэж байгаа аж.
- БҮХ ГАЗРЫН ТОСЫГ 100 ХУВЬ МОНГОЛД НИЙЛҮҮЛНЭ -
Гэтэл иргэдийн дунд "Монгол компаниар хийлгэсэнгүй, хятадууд урагшаа хамаг газрын тос зөөчихлөө" гэх мэт яриа гарч эхэлсэн байна. Харин газрын тос олборлох үе шат бидний санасан шиг тийм ч амар хялбар байдаггүй аж. Тодруулбал, Газрын тосыг хайхдаа эхлээд хиймэл дагуулын зураг, агаарын геофизикийн судалгаа, соронзон болон хүндийн хүчний хэмжилтээр тухайн газрын геологийн бүтцийг судална.
Үүний дараа 2D, 3D чичирхийллийн судалгаагаар газрын гүний давхаргыг зураглаж, газрын тос байх магадлалтай цэгүүдийг тодорхойлно. Үүний дараа сонгосон цэгүүдэд хайгуулын цооног өрөмдөнө. Цооног нь геологийн тогтоцоосоо хамаарч хэдэн зуун метрээс хэдэн километрийн гүнд хүрч болно. Өрөмдлөгийн явцад чулуулгийн дээж авч, цооногийн каротаж болон бусад шинжилгээгээр газрын тос байгаа эсэх, нөөцийн хэмжээг тогтоодог байна.
Энэхүү газрын тосны хайгуулд Монголын геологич, инженер, мэргэжилтнүүд ажиллах бүрэн боломжтой. Харин ийм хэмжээний хайгуулыг бүхэлд нь дангаараа гүйцэтгэхэд өндөр хүчин чадлын өрөмдлөгийн төхөөрөмж, 2D, 3D seismic технологи, каротаж болон цооногийн туршилтын тоног төхөөрөмж, шингэн хагалбарын технологи, олон улсын туршлага, их хэмжээний хөрөнгө шаардлагатай байдаг. Тиймээс Хэрлэнтохой XXVIII талбайн хувьд Монголын төртэй гэрээ байгуулсан компани хөрөнгө оруулалтаа хийж, хайгуулын ажлыг мэргэшсэн гадаадын технологи, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж байгаа юм.