Хилээр бүртгэлгүй эм нэвтрүүлж, 7 саяын хахууль авсан гаалийн байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хилээр бүртгэлгүй эм нэвтрүүлж, 7 саяын хахууль авсан гаалийн байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хахууль авсан гаалийн байцаагч нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, П.А, М.С нар нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын эм, био бэлдмэлийн чанарын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч, мал эмнэлгийн хяналтын асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийн тулд Э.Э-оос 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7 сая төгрөгийн хахууль авсан,

Э.Э нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор гаалийн улсын байцаагч П.А, М.С нарт 7 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэг (нийтийн албан тушаалтанд хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- С.Б нь нийтийн албан тушаалтан Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хяналт шалгалт хийж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Л.Э-аас 800 мянган төгрөгийн хахууль авсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.