Улсын гарьд Б.Гончигдамба нутгийн бөх Ш.Пүрэвгарьдын биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Уг асуудлаар цагдаагийн байгууллага бүртгэл үүсгэн шалгаж байгаа бол Улсын харцага Ш.Пүрэвгарьд "Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй" гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр "Аливаа асуудалд эр хүний хувьд аль болох тайван хандахыг хичээдэг. Гэвч Б.Гончигдамба гарьдын эхнэрийн төрсөн ах Л. Үйтүмэн тухайн найран дээр байгаагүй атлаа сайтад би найранд урилгаар очсон зочин байна гээд ярилцлага өгсөн байна. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ харсан мэт ярьж, худал мэдээлэл түгээж, доромжилсөн өнгө аястай ярьсанд үнэхээр харамсаж байна. Надад өөрийгөө зөвтгөх, хэн нэгнийг буруутгах зорилго байхгүй. Манай гэр бүлийн хүн миний эрүүл мэндийн байдалд санаа зовж, тухайн үед болсон нөхцөл байдлыг цахим орчинд бичсэн байсан. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" гэжээ.