"Засвар хийсэн сургууль, цэцэрлэгээс дээж авч, Австралийн лабораторид шинжлүүлнэ"

"Засвар хийсэн сургууль, цэцэрлэгээс дээж авч, Австралийн лабораторид шинжлүүлнэ"

Боловсролын яамнаас сургалтын байгууллагын барилга байгууламжийн засвар, тохижилтын ажилд ашиглаж буй будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан эсэхийг тогтоох зорилгоор үе шаттай цогц арга хэмжээ авч байна.

Энэ хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө засвар үйлчилгээ хийж буй сургууль, цэцэрлэгүүдээс барилгын материалын дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа юм. Мөн шинээр будаг хийсэн анги, танхимуудын агаарын чанарт шинжилгээ хийж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодисын агууламжийг шалгаж байна. Улмаар агаарын чанарын шинжилгээг Монгол Улсад итгэмжлэгдсэн лаборатори болох “Ногоон титэм”-д хийх бол барилгын материал дахь хүнд металлын агууламжийг Австралийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр болжээ. Шинжилгээ, дээж авах ажил энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн шинжилгээний хариу есдүгээр сарын 15-нд гарах юм. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт 120 сургуульд усан болон тосон будгаар засвар хийж байгаа талаарх мэдээллийг Боловсролын яаманд хүргүүлээд байна.