Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын багийн спортын түүхэнд тодоор бичигдэхээр үйл явдал болсон билээ. Тодруулбал, Ази тивийн сагсан бөмбөгийн хүчирхэг баг Японы шигшээтэй Монгол улсын шигшээ баг “Nippon Life Cup 2026” тэмцээний хүрээнд нөхөрсөг хоёр тоглолт хийсэн. Эхний тоглолтод манай улсын шигшээ баг 67:65 харьцаагаар хожиж түүхэн амжилт үзүүлсэн.
Мөн Волейболын эрэгтэй шигшээ анх удаа Зүүн Азийн АШТ-ээс БНХАУ-ын багийг хожиж хүрэл медаль хүртсэн байдаг. Энэхүү хоёр үйл явдал Монгол Улсад сагсан бөмбөг болон волейболын спорт тодорхой түвшинд сайжирч байгаагийн илрэл болсон бол хөлбөмбөгийн спорт байсан байрнаасаа улам "ухарсаар" байна.
Спортын хамгийн чухал зүйл бол үзэгчид байдаг. Үзэгчид хэдий хэмжээгээр нэмэгдэж байна, төдий чинээ тухайн спорт хөгждөг. Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь Монгол Улсад болсон бөгөөд тэмцээний туршид монголын хөгжөөн дэмжигчид багаа дэмжиж, ордонг дүүргэсэн байдаг. Тэгвэл наймдугаар сарын 12-нд Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge League” тэмцээний 2026-27 оны улирлын урьдчилсан шатанд манай улсын “Улаанбаатар”, “Төв азарганууд” баг Хятадын Тайванийн лигийн аварга “Tainan City” болон мөнгөн медальт “New Taipei Hang Yuan” багуудтай тоглосон. Харамсалтай манай улсын хоёр баг хоёулаа тоглолтдоо хожигдсон.
-ЖИЛ БҮР ОЛОН УЛСААС 6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВДАГ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ ДЭЛХИЙН ЧАНСААНЫ 190-Д ГАЦСАН-
Тэгвэл олон улсын чанартай тэмцээн болж байхад багаа дэмжиж буй үзэгчид маш цөөн тоогоор цугласан байв. Мөн тус тэмцээнийг яагаад заавал ажлын өдөр ажлын цагаар зохиосон нь олны дургүйцлийг төрүүлсэн юм. Хөлбөмбөг хэдий улирлын чанартай спорт хэдий ч монголд хөлбөмбөгийн дэмжигчид ямар их байгааг өнгөрсөн сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ээс харж болохоор байгаа юм.
Монгол Улсад үйл ажиллагагаа явуулж буй холбоодоос хамгийн баян нь Монголын хөлбөмбөгийн холбоо. Тодруулбал, Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос /ФИФА/ жил бүр 1 сая 250 мянган доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр 500 мянган доллар авдаг. Гэтэл энэ их мөнгийг юунд зарцуулдаг нь одоо хүртэл тодорхойгүй. Мөн монгол хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш манай сайтад өгсөн ярилцлагадаа, "Хөлбөмбөгийн холбооноос дээд лигийн багуудад лицензийн мөнгө гэж өгдөг байсан. Лиценз хангахын тулд маш олон заалтууд байдаг. Тэдгээрийг хангасан баг жилд 40 сая орчим төгрөг холбооноос авдаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ мөнгийг өгөхөө больчихсон. Шалтгаан нь холбоо 8 тэрбум төгрөгийн өрөө дарж байдаг гэж тайлбарладаг" гэж байжээ.
ВИДЕО:
Хэдий хөлбөмбөгийн холбоонд олон улсаас хөлбөмбөгөө хөгжүүл хэмээн 1 сая 750 мянган доллар өгч байгаа хэдий ч энэ мөнгө бол монголын хөлбөмбөгийг гацааж байгаа нэгэн төрлийн "хараал" болж байна.
Ийм их мөнгө жилд зүгээр байхад л ороод ирдэг учраас лигийг хүн үзэх эсэх тэдэнд огт хамаагүй. Тийм учраас ямар нэгэн зар сурталчилгаа, залуучууд руу чиглэсэн зүйлс, энтертайнмэнт арга хэмжээ гээд хийдэг зүйл огт байхгүй. ФИФА-гаас авсан мөнгөө ийм зүйлд ашигласан шүү гэж тайлагнахын тулд л хэдэн жижиг тэмцээн зохиодог болоод байна. Үүний үр дүнд монголын шигшээ багийн олон улсын шигшээ багийн чансаа 190 дүгээр байранд гацаад байна.

-ЖИЛ БҮР СУЛ МӨНГӨ ОРЖ ИРДЭГ УЧРААС ХӨЛБӨМБӨГИЙГ ХҮН ҮЗЭХ, БАГ АМЖИЛТ ГАРГАХ ЭСЭХ ТЭДЭНД ОГТ ХАМААГҮЙ-
Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр өнгөрсөн онд Ц.Анандбазар болсон. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч тоох ч үгүй түүний хувьд энэ суудалд суусан байдаг. Хөлбөмбөгтэй холбоотой зүйл нэгийг ч хийж байгаагүй тус хүн ямар эрх ашгийн төлөө холбооны ерөнхийлөгч болохоор "улайрсан" нь жил бүр орж ирдэг олон улсын санхүүжилт байх магадлалтай.
ВИДЕО:
Тухайн сонгуулийг хаалттай зохион байгуулсан бөгөөд тухайн “Дэрэн” клубын дасгалжуулагч ярихдаа “Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн клубийнхэнд 5-10 сая төгрөг өгсөн. Энэ бичлэг нь цахим орчинд ч тавигдсан байгаа. Өнөөдрийн сонгуулийг хаалттай, хууль бусаар, хүчээр зохион байгуулж байгааг эсэргүүцэж байна” гэж байжээ.
Энэ мэт хөлбөмбөгийн холбоо нь хамгийн баян гэх тодотголоос гадна хамгийн хаалттай холбоо. Олон улсын санхүүжилтээр юу хийдэг нь тодорхойгүй, тус холбооны удирдах зөвлөлд хэн байдаг эсэх нь ч тодорхойгүй гээд олон асуултууд байдаг.
Монголын хамгийн амжилттай ажиллаж байгаа холбоодын нэг бол сагсан бөмбөгийн холбоо. Тэдэнд ямар нэгэн олон улсын санхүүжилт гэх зүйл байхгүй. Иймд холбоо үзэгчдийг татаж мөнгө олох шаардлагатай болж эхэлсэн бөгөөд энэ ажлаа ч сайн хийж хамгийн олон үзэгчтэй спорт болсон байдаг. Гэтэл хөлбөмбөг энэ загварын эсрэг зүгт алхсанаас болж монголын хөлбөмбөгийг хэн ч үзэхээ байжээ.