МОНГОЛД МОРЬ УНАХААР ИРСЭН АЯЛАГЧИД: Монголд аялахад ариун цэврийн өрөө, замын түгжрэл хамгийн том асуудал болдог /ВИДЕО/

МОНГОЛД МОРЬ УНАХААР ИРСЭН АЯЛАГЧИД: Монголд аялахад ариун цэврийн өрөө, замын түгжрэл хамгийн том асуудал болдог /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын иргэдийг "Монголд визгүй зорчуулах" шийдвэрийг гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбоотой тус улсаас Монголд ирэх жуулчдын тоо ч өссөн. Тэгвэл iSee.mn сайт Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, жуулчдыг татахын тулд засаж сайжруулах сул тал хийгээд давуу тал юу байгааг харуулах “Эргээд ирээрэй” цуврал контентоо үзэгч танд хүргэж байгаа билээ.

Өмнөх дугаарт БНСУ-аас Монголд морь унахаар ирсэн бүлэг жуулчин оролцож, морин аялалдаа гарах бэлтгэлээ хийцгээсэн (Өмнөх дугаарыг ЭНД дарж үзнэ үү). Тэгвэл энэ удаагийн аяллаар жуулчид маань холын зайд морин аялал хийж, Монгол айлаар зочлон, Монгол хоол идэх болно.

ВИДЕО: 

-УДААН ХҮЛЭЭСЭН МОРИН АЯЛАЛ, МОНГОЛ АЙЛ, МОНГОЛ ХООЛТОЙ АЯЛАЛ ЭХЛЭВ-

Өдрийн 14:00 цаг. Байрлах газраа ирсэн даруйд жуулчид маань үдийн хоолоо идэж, морин аялалдаа яаран гарсан юм. Хөтөч тэдэнд зөвлөмж өгсний дараа бүгд мориндоо мордоцгоов. "Цонжин болдог" цогцолбороос 5 гаруй км зайд байрлах “Well Being” жуулчны бааз нь ихэвчлэн БНСУ-аас морь унах зорилготой Монголд ирж буй жуулчдыг хүлээн авдаг.

Өдөрт 50 гаруй км хол зайд аялах учраас жуулчдад зориулан спорт маягийн тусгай эмээл, жолоо зэргийг бэлддэг. Тийнхүү жуулчид маань мориндоо мордон 20 гаруй км давхисан юм.

Тэд морь унасан сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголд морь унах үнэхээр сонирхолтой байлаа. Солонгост мэдэрч байснаас тэс өөр мэдрэмж авлаа. Хаанаас ч юм бэ биед минь ямар нэгэн сайхан зүйл ороод ирж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрсөн. Дараа боломж гарвал төлөвлөж байгаад Монголд заавал ирэх болно” гэсэн юм. Мөн өөр нэгэн жуулчин “Монгол морь маш хүчтэй гэдгийг мэдэрлээ. Ийм морь унадаг болохоор л Чингис хаан дэлхийг эзэлж чадсан юм болов уу гэсэн бодол төрж байна. Монгол морины бие жижиг ч маш хүчтэй юм” гэв.

16:00 цаг. 20 гаруй км морь унасны дараа жуулчид маань бааз руугаа буцах замдаа монгол айлаар зочлов. Танихгүй хүнийг ч халуун дотноор угтан авдаг нүүдэлчин зангаараа малчин айл жуулчдыг сүүтэй цай, шинэхэн өрөм, талхаар дайлсан юм. Жуулчдад өрөм их л таалагдсан бололтой амтархан идэцгээж, монгол гэрийг хэрхэн барьдаг, өвөл яаж халаадаг талаар хөтөч болон гэрийн эзнээс асууж байлаа.

Тийнхүү монгол айлаар зочилж, монгол соёл, уламжлалыг мэдэрсэн жуулчид маань талархсан сэтгэгдлээ илэрхийлсээр жуулчны бааздаа ирцгээв. Хол зайд олон цаг зогсолтгүй давхисан учраас ядарч, өлссөн нь мэдээж. Жуулчдад зориулан амралтын баазын тогооч хорхог бэлтгэсэн байлаа. Солонгос хүмүүс монгол малын махыг хурц үнэр, амттай байдаг гэж хэлэхийг олон удаа сонсож байсан учраас энэ удаа яах бол гэж бодож байв. Харин жуулчид маань маш амтархан идсэн юм. Учир нь амралтын бааз гадаадын жуулчдад хорхог хийж өгөхдөө тусгай жороор махны хурц үнэрийг дардаг аж.

-ЗАМЫН ТҮГЖРЭЛ, НИЙТИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ХҮРТЭЭМЖ ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ БАЙДАГ-

Оройн 20:00 цаг. Хоолоо идсэнийхээ дараа жуулчид маань аяллын сэтгэгдлээсээ бидэнд хуваалцсан юм. Жуулчдын төлөөлөл “Бид хот суурин газар амьдардаг хүмүүс. Бидний амьдардаг газар нүүр тулсан өндөр барилгууд л байдаг. Харин Монголд ирээд үнэхээр их гайхширлаа. Яаж ийм уудам, үзэсгэлэнтэй нутагтай байдаг байна аа гэж бодлоо. Клубийн бусад гишүүд маань ч төрснөөсөө хойш анх удаа ийм өргөн уудам тал газар харж байна гэж хэлж байлаа” гэсэн юм.

Мөн аялал жуулчлалыг сайжруулах тал дээр “Бид морь унах сонирхолтой, хоббитой хүмүүс. Гэвч гэр бүлийнхэн маань тийм биш. Монголд ирвэл би морио унаад, сайхан аялчихна. Харин гэрийнхэнд маань хийх зүйл байхгүй шүү дээ. Тиймээс хамтдаа хөгжилдөж, цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгвэл гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа ирнэ” гэв.

Мөн “Well Being” жуулчны баазын зохион байгуулагч н.Мөнх-Эрдэнэ Монголд жуулчдыг оруулж ирэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын замын түгжрэл хамгийн том асуудал байдаг. Жишээлбэл, 10-45 жуулчин ирэхэд түгжрэлээс болоод маш их цаг алддаг. Жуулчдадаа газар үзүүлж чаддаггүй. Зарим жуулчин “Танай улсын замын түгжрэл яагаад ийм юм бэ, танай улс төрийн бодлого ямар муу юм бэ” гэдэг. Хоёрдугаарт, ариун цэврийн өрөөний асуудал. Хотын төвөөр жуулчин аваад явж байхад нийтийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ маш муу. Төлбөр нэхдэг ч газрууд бий.

Гуравдугаарт, онгоцны тийзний асуудал. Монголд ирмээр байдаг, онгоцны тийз өндөр учраас өөр хямд орныг сонгодог жуулчид ч бий. Нөгөө талаас инфляц өссөнтэй холбоотой манай зарим аяллын компаниуд үнээ нэмсэн. Ингэхээр тэр их өндөр үнийг төлж, Монголд ирж аялах уу гэдэг нь жуулчдын сонголт болчхоод байгаа юм. Сонголтоо хийх гэж эргэлзэж байгаа жуулчдыг Монгол руу яаж татах вэ гэдэг дээр БОАЖЯ, Аялал жуулчлалын холбоо зэрэг дээд байгууллагуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна” гэв.