МОНГОЛД МОРЬ УНАХААР ИРСЭН БНСУ-ЫН ЖУУЛЧИД: Онгоцны билетийн үнэ буурвал бүр олуулаа, сар болгон Монголд ирнэ

МОНГОЛД МОРЬ УНАХААР ИРСЭН БНСУ-ЫН ЖУУЛЧИД: Онгоцны билетийн үнэ буурвал бүр олуулаа, сар болгон Монголд ирнэ

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын иргэдийг манай улсад 90 хоног визгүй зорчих шийдвэрийг гаргасан. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан.

Ингэснээр манай улс аялал жуулчлалын чиглэлээр орлого олох нөхцөл тодорхой хэмжээнд бүрдэж байгаа юм. Тиймээс бид жуулчдыг Монголд татахын тулд бидэнд хөгжүүлж, бэхжүүлэх ёстой давуу тал юу байна, эсрэгээрээ засаж сайжруулах, арилгах ёстой сул юу байгааг харуулах “Эргээд ирээрэй” цуврал контентоо хүргэж байна. Цувралын маань эхний дугаартаа БНСУ-аас морь унахаар Монголд ирж буй жуулчидтай бид хоёр хоногийн турш хамт аялсан юм.

ВИДЕО: 

-ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛСНООР ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭЖ, АЖЛАА ХӨНГӨВЧИЛСӨН Ч ҮНЭ ӨНДӨР БАЙНА ГЭВ-

Өглөөний 11:00 цаг. Хөшигийн хөндий нисэх онгоцны буудалд бид жуулчдаа угтан авсан юм. Нийт зургаан жуулчин БНСУ-аас хүрэлцэн ирсэн бөгөөд тэд бүгдээрээ морин клубийн гишүүд. Тус улсад цөөнгүй морин клубүүд үйл ажиллагаа явуулдаг. “Гэвч хязгаарлагдмал талбайтай учраас эрх чөлөөтэй, хүссэнээрээ давхиж чаддаггүй. Харин Монголын тал нутагт морь унах нь бидний мөрөөдөл” хэмээн тэд хэлж байлаа. Жуулчдын зарим нь өмнө нь Монголд ирж морь унан, аялж байсан бол зарим нь анх удаа ирж буй нь энэ. Тэд Хөшигийн хөндий нисэх онгоцны буудлыг цэвэрхэн, тохилог юм гэсээр машиндаа сууцгаав.

Ингээд бид дараагийн газар руугаа хөдөлсөн юм. Машинд явах цагаа ашиглан жуулчдаас Монгол руу визгүй зорчдог болсноор ямар өөрчлөлт гарсан талаар асуухад “Визгүй зорчдог болсноор цаг их хэмнэсэн. Бид Чежү аралд амьдардаг хүмүүс. Өмнө нь бичиг баримтаа бүрдүүлээд өгсний дараа дахин хүн хамт явах тохиолдол гардаг байсан. Ийм үед бичиг баримтуудаа эхнээс нь цэгцлэх, дахин хөөцөлдөх шаардлага гаргадаг. Урьдчилж хоёр, гурван сарын өмнөөс бичиг баримтуудаа хөөцөлдөж эхлэхгүй бол хэцүү. Харин одоо визгүй зорчдог болсноор маш богино хугацаанд ажлаа амжуулсан” гэсэн юм.

Мөн онгоцны билетийн үнэ өндөр байгааг зарим жуулчин хэлж байлаа. Тодруулбал,Монгол, Солонгос хоёрын зай ойрхон шүү дээ. Гэтэл илүү хол Филиппин зэрэг Азийн зарим орон руу явснаас илүү үнэтэй байдаг. Корона дөнгөж дуусаж байгаа болохоор нислэгийн тоо бага байгаа. Тэр утгаараа билетийн үнэ өндөр байгаа юм болов уу гэж бодсон. Долларын үнэ өссөн учраас энэ удаад өмнө нь ирж байснаасаа илүү өндөр үнэ төлж ирлээ” гэсэн юм.

Мөн өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирж байсан жуулчин “Хэрэв онгоцны билетийн үнийг 400-600 мянган воноор бууруулбал би гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт сар болгон танай оронд ирнэ” гэж байлаа.

Тийнхүү ярьсаар бид дараагийн зогсоол  болох Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цонжин болдог цогцолборт ирэв. Цаг давчуу, өдрийн хоолны цаг болсон учраас жуулчид маань төлөвлөгөөгөө өөрчилж, Солонгос руу буцахдаа Цонжин болдог орохоор болов. Харин энэ удаа цогцолборын гадна зураг авахуулж, тэмээ унаад зорьсон газар руугаа хөдөллөө. Тийнхүү Цонжин болдогоос 5 км явсаар “Well Being” жуулчны бааз дээр ирэв. Энэ баазад тэд долоон хоногийн турш байрлан өдөр бүр өөр, өөр зайд морин аялал хийх юм. Тус жуулчны бааз гадаадын жуулчдад монгол ахуй, соёлын мэдрүүлэх үүднээс гэр кампуст байрлуулдаг. Мөн энэ жилээс дотоодын аялагчдыг ч хүлээн авч эхэлж байгаа аж. Монголд анх удаа ирж байгаа жуулчин маань гэр кампустаа ачаа, тээшээ зөөсний дараа “Өмнө нь миний аялахдаа байрлаж байсан зочид буудлуудаас тэс өөр байлаа. Бага зэрэг тухгүй зүйл байсан ч гэсэн монгол хүмүүсийн амьдралын нэг хэсгээс мэдэрч үзэхийг хүссэн учраас огт хүндрэлтэй санагдахгүй байна” хэмээн бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.

Олон цаг явсан жуулчид маань ачаа, тээшээ зөөснийхөө дараа хоолоо идэж, морин аяллаа эхлүүлэхээр хувцсаа өмсөв. Тэд морь унахдаа тусгай хамгаалалтын малгай, цээживч, өвдгөвч, түрийтэй гутал өмсдөг. Олон жил морь унасан хүн эдгээрийг өмсөх шаардлагагүй. Харин анхлан суралцагчдын хувьд эрсдэлээс хамгаалан заавал өмсөх ёстой хэмээн тайлбарласан юм. Ийнхүү хүсэн хүлээсэн мөч ирж, тэд бие халаах дасгалаа хийн, морин аяллаа эхлүүлэв.