Э.Энххүслэн: Сэлбэ голоос барьсан загасаа судалж үзээд, буцаагаад усанд нь тавих мэдрэмж гоё байдаг /ВИДЕО/

Э.Энххүслэн: Сэлбэ голоос барьсан загасаа судалж үзээд, буцаагаад усанд нь тавих мэдрэмж гоё байдаг /ВИДЕО/

Байгаль орчин, амьтныг хайрлах сэтгэл хийгээд насандаа баймгүй мэдлэг, оюунаараа олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлж буй Сэлбэ голын загасчин хүү Э.Энххүслэнг бид энэ удаагийн “Social ID” буландаа онцоллоо.

ВИДЕО:

-“ЗАГАСЧНЫ ДЭЛГҮҮРИЙН АХ” НАДАД НОМ БЭЛЭГЛЭЖ, БИ ЭНЭ АМЬТАНД ДУРТАЙ БОЛСОН-

-Юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Энхтүвшиний Энххүслэн гэдэг. Одоо би 13 настай ирэх жил наймдугаар ангид орно. Нийслэлийн Хоёрдугаар дунд сургуульд суралцдаг.

-Чиний сонирхол /хобби/ юу вэ?

-Загас барьж, судалж үзээд голд нь буцааж тавих сонирхолтой. Бас амьтан болон элдэв зүйлсийг баримлын шавраар хийх, зурах дуртай.

-Хэзээнээс загас барьж судлах болов? Анхны загасаа барихад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би яг энэ “Сэлбэ гол”-д загас барьж эхлээд хоёр жил болж байна. Анх загас бариад нэлээн их сандарсан. Тийчгэнээд хөдлөхөд нь “Загас ямар сонин юм бэ. Ийм зүйл зөөлөн бас ийм сонин амьтан байдаг юм уу” гээд гайхаж байсан.

-Яагаад загасанд дуртай болсон шалтгаан нь юу байсан гэж бодож байна?  Зүгээр нэг барихгүй судалдаг гэсэн шүү дээ?

-Зүгээр голын эргээр явахдаа жараахайнууд хараад анх сонирхож эхэлсэн. Загас гэж яг ямархуу амьтан байдаг вэ гээд. Ер нь дотроо олон төрөлтэй байдаг юм байна гэж бодсон. Гэхдээ яг тодорхой мэдээлэл олж чадахгүй байсан. Тэгсэн нэг өдөр “Загасчны дэлгүүрийн ах” надад ном бэлэглэсэн юм. Тэр ном нь болохоор Монгол орны бүхий л загаснуудын тухай дэлгэрэнгүй тайлбартай. Тэр мэдээллийн ачаар би “Сэлбэ гол”-д ийм ямар ямар төрлийн загаснууд байгааг судалж эхэлсэн. Тэгээд л барьдаг болсон доо.

-Судалгаа хийдэг гэлээ. Загасаа барих, төрөл зүйлийн тогтоохдоо юу бэлтгэж, яаж барьдаг вэ?

-Ямар “өгөөш” тохиорох вэ гэдгээ өөрөө харж байгаад хийж, туршиж үздэг болсон. Тэгээд барьсан загасныхаа хэмжээ болон зургийн нь авдаг. Тэр зургаа номынхоо зурагтай харьцуулж байгаад экологийн бүтэц бусад зүйлсийг тулгаж үзнэ. Жишээ нь: 12 см загас бол том болсон гэж үзээд толбо нь таарч байвал яг энэ загас мөн гэж тодорхойлоод явдаг.

-Чиний хувьд хэдэн төрөл зүйлийн загас судалсан бэ?

-Одоогоор бол долоон төрөл зүйл загас байгаа.

“Чиканоми орлом” загас тайлбарлаж буй нь 2022.06.28

-БИ СЭРТЭНГҮЙ ДЭГЭЭГЭЭР ЗАГАС БАРЬДАГ БОЛОХООР, БУЦААГААД ТАВИХАД ГЭМТЭЛ БАГ БАЙДАГ-

-Өдөрт хамгийн дунджаар хэдэн загас барьж байна?

-Ер нь 10-ийн дотор л барьдаг. Бүр их бас барихгүй. Зарим нэг аймар ёндоотой өдрөөр бол том том загас олныг барина. Зургийг нь аваад, тэгээд тавьдаг. Харин хамгийн томдоо бол энэ голоос 12 см том загас барьж үзэж байсан. Мэдрэмж нь гоё байсан.

-Загас бариад буцаагд тавьдаг ч гэсэн. Татаж гаргахад ууганаасаа шалтгаалж гэмтдэг. Чиний хувьд ямар дэгээ хэрэглэж байна. Загасанд хэр хор хөнөөлтэй вэ?

-Би сэртэнгүй дэгээ ашигладаг. Энэ нь болохоор загасаа гэмтээхгүй гэсэн үг. Сэртэнтэй дэгээ гэдэг нь загасаа маш их гэмтээдэг. Сэртэнтэй дэгээнээс загасаа салгаж авах гэж их зовоодог. Загас гэмтээгээд байдаг талтай. Харин энэ сэртэнгүй дэгээ бол амархан мултарчихдаг. Хүний биен дээр хальт зүүгээр хатгаад өнгөрөх шиг мэдрэгдэнэ. Буцаагаад тавихад хурдаг эдгэрэн. Маргаашаас нь хоолоо идээд хэдийн болдог.

-СЭЛБИЙН ГОЛ БОЛОН БУСАД ГОЛУУДЫГ ЦЭВЭРХЭН ТОХИЖУУЛААД ГАДААД, ДОТООДЫН ЯМАР Ч ХҮН ИРСЭН ГОЁ ХАРАГДДАГ БОЛГОХЫГ ХҮСДЭГ-

-“Сэлбэ гол”-д хоёр жил загас барьж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд загас нь багссан зүйл анзаарагдаж байна уу?

-Том загас бол илт багассан. Нэг онцлог нь “Хадран загас” энэ жил “Сэлбэ гол”-д гарч ирсэн. Загас олширч, үржүүлэг явагдаж буйтай холбоотой эсвэл гол цэнгэг байгаагаас болсон уу мэдэхгүй “Хадран загас” бол ирсэн.  “Хадран загас” өөрөө цэнгэг усанд байдаг юм. Түрүү жил зургаан зүйл төрөл загас байсан. Энэ жил долоон зүйл болж нэмэгдэж байна. Одоо би шинэ төрөл зүйлийг нээх гээд оролдоод л байна. Баригдах байх л гэж бодож байгаа.

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Мөрөөдөл гэвэл За ямартай ч чөлөөт цагаараа бол загасчилна. Тэгээд ганц мөрөөдөл маань сэлбийн гол болон бусад голуудыг цэвэрхэн тохижуулаад гадаад, дотоодын ямар ч хүн ирсэн гоё харагддаг болгохыг хүсдэг. Бас загас нь ч их болно гэсэн үг.

"Сэлбэ гол"-ын усанд унасан хогийг цэвэрлэж буй нь 2022.06.29

-ХОРТОЙ ХОГУУД УСАН ДОТОР ОРОХООРОО ЗАГАСНУУДЫН УСЫГ БОХИРДУУЛЖ, ЗАГАС ХОРДОЖ ҮХДЭГ-

-Голд унасан хог цэвэрлэж байсан. Хог загасны амьдрах орчин болон байгальд ямар хөнөөлтэй талаар бусдад уриалж хэлэх үг байна уу?

-Гол мөрөнд уут хаяхаар энэ жижигхэн жараахайнууд уутанд ороод гацаж үхдэг. Үүний нөлөөгөөр үхсэн загаснууд том болох, үржих боломжгүй болдог. Тиймээс л загас ховордох элбэг болоод байгаа. Бас зөвхөн уут биш хортой хогууд усан дотор орохоороо загаснуудын усыг бохирдуулж, загас хордож үхдэг. Сэлбийн голд бол загас элбэг байдаг ч гэсэн сүүлийн үед том загас байхгүй болсон. Дээхэн үед бол зэвэг, хадран загас их  байсан гэдэг. Одоо бол ер нь маш ховор болсон. Тийм болохоор хогоо хаяхгүй байцгаая гэж уриалъя.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Танай хамт олонд баярлалаа.