ВИДЕО: Хилийн цэргийн 0166 дугаар ангийнхан “Хавтгайн ботгоо” сүрэгт нь нийлүүлэхээр байгальд нь тавьжээ

ВИДЕО: Хилийн цэргийн 0166 дугаар ангийнхан “Хавтгайн ботгоо” сүрэгт нь нийлүүлэхээр байгальд нь тавьжээ

Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилийн манаанд гарч байсан цэргийг дагаж ирсэн “Хавтгайн нялх ботго”-ыг тус газарт тэжээх болсон. Тус ангийн хариуцсан хэсэгт “Говийн их дархан цаазат газрын А бүс” багтдаг учир Улаан номд орсон нэн ховор амьтан болох “Хавтгайн ботго”-ыг гаршуулж, тэмээтэй ижилсүүлэхгүйгээр тэжээж байгальд нь тавихаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн бид сүүлийн сурвалжилгаараа Овоотын цэнхэр хязгаар буюу Хилийн цэргийн 0166-р ангийн харьяа “Ингэн сэвстэйн застав”-д ботгыг шилжүүлэн тэжээж, “Овоотын хавтгайн ботго” хэмээн нэрлэсэн тухай хүргэсэн билээ. Тэгвэл бид энэ удаа “Овоотын хавтгайн ботгоо” байгальд нь тавьсан тухай  Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Захирагчийн орлогч Сэтгэл зүйн хангалтын дарга Дэд хурандаа Н.Гансүх болон Хавтгайн ботгыг хариуцан тэжээж байсан тус ангийн хугацаат цэргийн алба хаагч Б.Баттулга нартай ярилцлаа.

ВИДЕО: 

-Юуны түрүүнд хоёр сар гаруйн хугацаанд Хавтгайн ботгыг өсгөж, тэжээж байсан анги, хамт олноо танилцуулаач?

-Тэгэлгүй яах вэ. Манай анги Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит Цэргийн Гавьяаны одонт Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу “Овоотын отряд” гэдэг. 1933 онд байгуулагдсан 89 жилийн баатарлаг түүхэн замналтай анги юм. Энэ хугацаанд Монгол Улсын баруун өмнөд хилийн гурван аймгийн зургаан сумын БНХАУ-тай хиллэдэг хилийн бүсийг хариуцан хамгаалсаар ирсэн. Мөн уг бүс нутагт “Говийн их дархан цаазат газрын А хэсэг” хамрагддаг.

-“ОВООТЫН ХАВТГАЙН БОТГО” МААНЬ БЭЛЧЭЭРТ ГАРАХДАА ЦААШАА ГАНЦААРАА ЯВААД БАЙДАГ БАЙСАН-

-“Овоотын хавтгайн ботго”-ийг хэзээ байгальд нь тавихаар болсон бэ? Байгальд тавихдаа урьдчилсан бэлдсэн зүйлс байсан уу?

-Зургадугаар сарын эхэн үеэр ботгыг байгальд нь тавихаар болсон. Бид хоёр сар гаруй ингэний сүүгээр тэжээж байгаад өвс өгч, борог иддэг болгосон. Байгальд нь тавихаас өмнө заставын ойролцоо бэлчээрт гаргаж зэрлэг байгаль буюу “Дархан цаазат” нутгийн хэсэгт өөрөөр нь бэлчээж дасгасан байсан. За тэгээд бэлэн болсон гэж үзээд зургадугаар сарын 17-ны өдөр байгальд нь тавьсан.

-Бэлэн болсон гэж үзээд гэсэн шүү дээ. Биеэ дааж хооллож явж чадаж байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ? Сүүлийн үед бэлчээрт гарахдаа ер нь бэлчээрт гаргахаар цаашаа ганцаараа явчих гээд байдаг болсон. Хүн угждаг байсан болохоор хүний бараанаас эргээд ирдэг. Хамгийн гол нь ботгоо өөрөө удаан байх тусмаа хүнд дасаж байгальд хооллож чадахгүй болох талтай. Тиймээс бид байдлыг нь харж байгаад хамгийн зөв үед нь тавьсан байгаа.

-Сүүлд ингэний сүүгээр хооллодог болоод тамир тэнхээтэй боллоо гэж байсан. Өдөрт хэдэн удаа хэр их сүү ууж байв?

-Тиймээ. Эхлээд дэлгүүрээс сүү авч өгдөг байсан ч тэнхээ орохгүй байсан учраас бид ботгоо шилжүүлээд “Ингэн сэвстэйн застав” гэдэг нэртэй, тэмээ ботго олонтой отрядад авч ирээд өдөрт 2-3 удаа ингэ сааж, ботгоо дөрвөн удаа угжина. Нэг удаа угжихдаа литр сүү өгч байсан. Цовоо сэргэлэн болж тамир тэнхээ ч сайн орсон доо.

"Овоотын хавтгайн ботгоо" байгальд тавьж буй нь 2022.06.17

-“ХАВТГАЙ ТЭМЭЭ”-НИЙ УЛ МӨР, ХЭВТЭР, ХОРГОЛ ЗЭРГИЙГ АЖИГЛАЖ НУТАГЛАЖ БУЙ ГАЗАРТ ТАВИСАН. БИДНИЙ ТООЦООЛЖ БАЙГААГААР ОДОО СҮРЭГТЭЙГЭЭ НИЙЛСЭН БАЙХ ЁСТОЙ-

-Ботгоо тавих газраа судалсан уу? Юугаар зөөвөрлөж аваачсан бэ?

-Бид нэлээд сайн судалсан Хавтгай тэмээний ул мөр, хэвтэр, хоргол зэргийг ажиглаж хавтгайн бэлчээр буюу нутаглаж буй газарт тавихаар болж, “Ингэн сэвстэйн застав”-ас машинд ачиж аваачсан. Ус, ногоо, борог зэргийг харж тохиромжтой газарт нь тавьж явуулсан. 

-Тэгэхээр өөр олон хавтгай нутагладаг учраас сүрэгт нь нийлүүлэх зорилготой байв уу?

-“Хавтгай тэмээ” нь хүний чимээнээс дайждаг болохоор судалгаа удаан явагдсан. Тэгээд “Ингэн сэвтэйн застав”- нэлээд зайтай газар "Хавтгай тэмээ” нутагшиж буйг тогтоогоод ботгоо тавьж өөрсдөө холдсон байгаа. Бидний тооцоолж байгаагаар одоо сүрэгтэйгээ нийлсэн байх ёстой. Бас нэмж хэлэхэд хавтгай тэмээ маш сонор сэрэмжтэй учир аюулгүй газрыг олж нутагладаг. Тиймээс бидний ботгоо тавьсан газар аюулгүй гэсэн үг юм.

-GPS суулгаж тавьсан уу?

-Үгүй. Гэхдээ “Овоотын хавтгайн ботго” тавьсан тус бүс бидний хамгаалдаг “Дархан цаазат” газар байгаа юм.

"Овоотын хавтгайн ботго" цэрэг ээжийн хамт 2022.06.17

-ХАРИУЦАН ТЭЖЭЭЖ БАЙСАН ЦЭРЭГ НЬ БОТГОНДОО БҮР ИХ ДАССАН БАЙСАН УЧРААС САЛАХАД НЭЛЭЭД ХЭЦҮҮ Л ХАРАГДАЖ БАЙСАН-

-Ботгоо тавих үед болсон явдал, төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тавих үед бол мэдээж хэцүү байлгүй яахав. Цэргүүдээтэй маань хамт л гүйнэ, жагсана. Бүр нялхдаа тамир тэнхээчгүй ирж байснаа бодвол биеэ даахаар болсон хэдий ч бидэнд бол нялх л санагдаж байгаа юм. Хамгийн хэцүү нь “Овоотын хавтгайн ботго”-ийг хариуцан тэжээж байсан цэрэг нь ботгондоо бүр их дассан байсан учраас салахад нэлээд хэцүү л харагдаж байсан. Ботго нь ч цэрэгтэй хорогдоод байгаа бололтой хэд тойрч байгаад л өөрөө бэлчээртэй яваад өгсөн дөө.

-За бидэнтэй гурван дугаарын туршид ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.

Үргэлжлүүлэн бид зэрлэг тэмээний нэг төрөл хавтгайн ботгыг хариуцан өдөр бүр угжиж, бэлчээрт нь гаргадаг байсан “Овоотын хавтгайн ботгоны цэрэг ээж буюу Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Б.Баттулгатай ярилцлаа.

"Овоотын хавтгайн ботго" анх ирсэнийхээ дараа 2022 оны дөрвөн сар

-НЭГ ЖААХАН ЮМ ХҮНЭЭС АЙЖ МЭДЭХГҮЙ ЯДАРЧИХСАН БАЙЖ ИРЖ БИЛЭЭ-

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Батжаргалын Баттулга гэдэг. Би Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Хилийн цэргийн 0166 дугаар ангид 2021 оны хоёрдугаар ээлжээр ирээд хугацаат цэргийн алба хааж байна.

-Овоотын ботго маань тань дээр ирэхдээ хаанаас ирж байв? Анх цэрэг дагаж явсаар байгаад ангид нь очсон гэдэг тэр үед нь та байсан уу?

-Тэр үед бол байгаагүй. Анх манай “Замын билгэх”-ийн заставаас олдоод, эмчилгээ асаргаатай ангийн төв буюу “Овоотын отрядад” очсон юм байна лээ. Тэгээд гаршихгүй байсан учраас Тэмээ, ботго олонтой “Ингэн сэвстэйн застав” буюу манайд дөрөвдүгээр сарын 20-ний өдөр ачуулж ирсэн юм. Тэр үед л би анх харж байсан. Нэг жаахан юм хүнээс айж мэдэхгүй ядарчихсан байж ирж билээ.

-Хавтгайн ботгыг хариуцаж тэжээхийг танд үүрэг болгож байв уу? Эсвэл өөрөө сайн дураараа тэжээсэн үү?

-Би өөрөө тэмээ малд ойрхон өссөн хөдөөний хүүхэд болохоор хариуцаж авах хүсэлт тавьсан. Дарга нар маань зөвшөөрөөд тэгээд л угжиж, хоол тэжээлийн тааруулж эхэлсэн дээ.

"Овоотын хавтгайн ботго" цэргүүдтэй өсөж буй нь 2022 оны таван сар

-Хавтгайн ботго гэрийн тэмээтэй төстэй ч зэрлэг амьтан шүү дээ. Тэжээх явцад холбогдох байгууллагуудаас зөвлөгөө авч байсан уу?

-Манай дарга нар аймаг сумын мал эмнэлгийн газраас зөвлөгөө авч надад хэлдэг байсан. Мөн ботготой адилхан гэж бодоод тэжээдэг байсан.

-Борог, өвс иддэг болсон байсан. Зэрлэг амьтан болохоор гаршуулахгүй тэжээхийн тулд яаж хооллож байсан бэ? Гэрийн нөхцөлд өвс тэжээл өгч байсан уу?

-Бид тэжээл бол өгч байгаагүй. Ингэний сүүгээр угжина. Хааяа байгальд гаргахдаа би дагуулж явж идээшлүүлдэг байсан.

-Та өөрөө тэмээтэй ойр байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр таны анзаарч буйгаар хавтгайн ботго, гэрийн ботго хоёрын ялгаа нь юу байв?  

-Ерөнхийдөө төстэй харагддаг. Гэхдээ бие нь бол гэрийн тэмээг бодвол бөх жижиг, хөл урт, хүзүү арай богинотой юм байна лээ. Бусдаар бол хоол тэжээл нь адилхан.

"Овоотын хавтгайн ботго" цэргүүдтэй хамт 2022 оны таван сар

-ЗАСТАВД БҮЖИГ БОЛОХООР ЗААЛ РУУ ОРООД ИРНЭЭД, ХҮМҮҮС ДУУЛЖ АЯ ЯВАХААР ДАГААД БУЙЛДАГ БАЙСАН-

-Зэрлэг амьтан л гэж яриад байгаа. Гэхдээ танд эрхэлж дагаж яваа харагдсан. Ингэж дасгахад хугацаа орсон уу?

-Зэрлэг амьтан болохоор анх бол хүнд дасахгүй. Аашилж хазах гэж үзнэ, хөөж явна. Ер нь л дургүй хандалга гаргадаг байсан. Явцдаа гайгүй хүндээ гайгүй. Бусдаар хүн болгоныг бас дагаж, эрхлээд байдаггүй. Намайг бол өдөржин л дагаад эрхлээд гүйгээд байдаг юм. Зэрлэг амьтан ч гэсэн хүнд дасдаг л юм байна.

-“Овоотын хавтгайн ботго” та бүхэнтэй хамт бараг гурван сар амьдарсан шүү дээ. Заставд байхдаа гаргадаг байсан хөөрхөн үйлдлүүд байдаг уу?

-Зөндөө байдаг юм. Хамгийн их хийдэг үйлдлүүд нь бол дагаж гүйнэ, баярлаж тоглож, тонгочин. Гүйгээд явахаар дагаад тонгочоод гүйнэ. Сүү өгөхөөр чихээ хулмайлгаад уудаг нь бүр хөөрхөн. Бас Заставд бүжиг болохоор бүжгийн заал руу ороод ирнэ. Тэгээд хүмүүс дуулж ая явахаар буйлдаг байсан.

-Ботгоо хэдэн сартай гэж үзэж байгаа вэ?

-Миний таамаглаж байгаагаар дөрвөн сар хүрсэн байх шүү.

-Таны бодлоор байгальд нь тавих болсон гэж үзэж байгаа юу?

-Ер нь өөрөө хөөрхөн яваад байдаг болсон. Цаашид байгаад байвал гаршаад байх юм шиг байна лээ. Тэгэхээр одоо тавьдаг нь ижил сүрэгтэй нь дасгаж, зэрлэг байгальд нь амьдруулах хамгийн зөв цаг нь байх. Би ч яах вэ. Жаахан дасчихсан болохоор арай том болгож нас биед хүргээд л тавимаар байгаа шүү дээ. /инээв/

"Овоотын хавтгайн ботгоо" байгальд нь тавих үед 2022.06.17

-МОНГОЛ ХҮН БҮР ЗЭРЛЭГ Ч БАЙ НОМХОН Ч БАЙ АН АМЬТАН, БАЙГАЛИА ХАМГААЛДАГ БАЙГААСАЙ, ХАЙРЛААСАЙ Л ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-

- “Овоотын хавтгайн ботгоо” эргэж очино гэсэн бодол байгаа юу?

-Одоохондоо төлөвлөгөө гаргаагүй байгаа ч эргэж очиж уулзан гэж бодож байгаа.

-Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу “Овоотын отряд” нь зэрлэг амьтад, Дархан цаазат газрыг хамгаалдаг. Таны хувьд гурван сар гаруй зэрлэг амьтан өсөглөө. Ан амьтадаа хамгаалдаг хүний хувьд хүмүүст хандаж уриалга хэлээч?

-Манайх Хилийн цэргийн 0166 дугаар анги бид энэ бүсэд “Улаан ном”-д орсон нэн ховордож буй амьтад нэлээдгүй олон бий. Бид тэднийг болон эх орныхоо “Дархан цаазат газар хил хязгаараа өдөр бүр сахин хамгаалдаг. Тиймээс Монгол хүн бүр зэрлэг ч бай номхон ч бай ан амьтан, байгалиа хамгаалдаг байгаасай, хайрлаасай л гэж хүсэж байна. Амьтан бүр байгальд өөрийн гэсэн үүрэгтэй. Дэлхий дээр хүн ганцаараа амьдардаггүй шүү дээ.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө