Төрийн сүлднээс “Соёмбо”-ыг нь авч, "Ганц морь"-той байх хувилбар ҮХНӨ-өөр яригдаж байна /САНАЛ АСУУЛГА/

Төрийн сүлднээс “Соёмбо”-ыг нь авч, "Ганц морь"-той байх хувилбар ҮХНӨ-өөр яригдаж байна /САНАЛ АСУУЛГА/

Намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж “тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонссон юм. Үргэлжлүүлэн хаврын чуулганы дараа эсвэл намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлээд буй.

Улс төрийн намуудын Үндсэн хуулийг өөрчлөх “Тунхаг бичиг” 

Энэ удаагийн өөрчлөлтөөр

Хүний эрхийг үндсэн хуулиар хамгаалах хүрээнд;

  • Үндсэн хуулиар цаазын ялыг бүрэн халах
  • Иргэд үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулдаг байх, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн шүүх байна гэжээ.

Харин иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд;

  • Сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгаж, сонгуулийн холимог систем бүхий хариуцлагатай, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэх
  • Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх
  • Сонгогчдын төлөөлөх мандатын тоог нэмж, УИХ-ын гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах гэжээ. 

Мөн нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, төрийн сүлдийг шинэчлэх хүрээнд:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах
  • Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх юм.

Тэгвэл Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж хэрхэн шинэчлэх талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

Харин энэ ҮХНӨ-өөр соёмбыг нь авч, дан ганц морины дүрслэлийг авч үлдэх хувилбарыг ярилцаж буй талаар эх сурвалж хэлэв. Эсвэл 1960 оны хуучин сүлд шиг морь унаж хүн байж болно гэж үзэж байгаа аж. 

Монгол Улсын одоо байгаа сүлд

-ЗАРДАЛ ЧИРЭГДЛИЙГ НЬ ХАРЖ БАЙГААД ШИЙДВЭРЛЭНЭ-

Үүнийг бататгаж УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэн уулзалтын үеэр хэлэхдээ "1992 оны Үндсэн хууль батлагдахад төрийн сүлдийг шинэчлэх асуудлаар депутатууд санал хуваагдсан. Тухайн үед соёмбыг сүлд болгоё гэсэн санал яригдаж байсан. Гэтэл хөдөөгийн депутатууд буюу малчдын төлөөлөл “Заавал Монгол морь байх ёстой. Морио дээдэлдэг ард түмэн. Тэгэхээр 1960 оны сүлдээ хэвээр ашиглах ёстой" гэсэн. Ингээд соёмбо, сүлд гэж зөрөлдөн санал хуваагдаж уг асуудал Ардын Их хурал дээр гацсан. 

Тэр үед "Сүлд боловсруулах ажлын хэсгийг" Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жанцан, Луунаа нар ахалж байсан. Ингээд санал хуваагдсан үеэр Ю.Цэдэнбал даргын 1981 он буюу Ардын хувьсгалын 60 жилийн ой, НҮБ-т элссэний 20 жилийн ойд зориулж, Англид хэвлүүлсэн сэтгүүлд морь, соёмбо хоёрыг хоёуланг нь оруулсан бэлгэдэл дүрс байгааг олж харсан. Ингэхдээ энэ дүрс нь эрх чөлөөт Монгол Улсыг бэлгэдсэн байсан гэдэг. 

Ингээд "Энэ чинь маргаан дагуулсан хоёр дүрсийг хоёуланг нь оруулсан хамгийн шилдэг хийсвэр бэлгэдлийн морь байна шүү дээ. Үүнийг ашиглаад хийе" гэсэн санал гаргаад хэлэлцүүлж дэмжүүлсэн. Тэр үед хуучинсаг гэх юм уу өв уламжлалаа илүүд үзсэн консерватив хандлагаар "Заавал морь байх ёстой" гэсэн. Социалист реалист хандлага юм. Харин орчин үеийн урлаг илүү абстракт, модернист бэлгэдлийн морь байж болно. Тухайлбал, Оросын сүлд бол гурван толгойтой бүргэдийг дүрсэлдэг. Дэлхий дээр гурван толгойтой бүргэд гэж байхгүй. Утга санаа нь гурван эрх мэдлийг илэрхийлдэг. Ака бууг эрх чөлөөний бэлгэдэл гэж үздэг учраас төрийн сүлдэндээ залсан Африкийн улс ч байна. Энэ бүхэн үндэсний онцлог шинжтэйгээ уялддаг. 

Тиймээс хуучин сүлдээ ашиглаж соёмбоо авъя гэсэн хувилбар харагдаж байна.

Одоогийн сүлд буюу эрх чөлөөт Монгол улсыг бэлгэдэж зурсан нь илүү модернист хандлагатай. Манай далавчтай морь нь ардчилал, эрх чөлөөг бэлгэдэж Монгол улс тусгаар тогтнолоо олсныг илэрхийлдэг. Харин соёмбо бол хүн шүү дээ. Гэхдээ эзэнгүй морь гэж харагддаг. Соёмбо нь өөрөө завилж суусан хүн юм. Зардлыг тооцоолж үзээд ард иргэдийн саналыг сонсож шийдвэрлэнэ" гэсэн юм.

Төрийн сүлдийг өөрчлөх нь зөв үү?

Нийт: 68 саналтай