Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
Зургадугаар сарын 24-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр нутгийн зарим газраар, 27-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, 24-ний өдөр тал, хээрийн нутгаар түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 25-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.