АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны дайныг зогсоох хэлэлцээ гацаанд орсон энэ үед Тегеранд хатуу анхааруулга өгсөн байна. Тэрээр өөрийн Truth Social цахим хуудсандаа “Тэд хурдан хөдөлсөн нь дээр. Үгүй бол тэднээс юу ч үлдэхгүй. Цаг үнэхээр цохиж байна” хэмээн бичжээ.
Times of Israel сонины мэдээлснээр, Д.Трамп энэхүү мэдэгдлээ Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяхутай ням гараг /2026.05.17/-т ярилцсаны дараа хийсэн байна. Үүнтэй зэрэгцэн Ираны хэвлэлүүд АНУ Тегераны хамгийн сүүлийн саналд хариу өгөхдөө тодорхой буулт хийгээгүй гэж мэдээлжээ. Ираны хагас албан ёсны Mehr агентлагийн мэдээлснээр, Вашингтоны хатуу байр суурь хэлэлцээг дахин гацаанд оруулах эрсдэлтэй байна. Д.Трампын энэ удаагийн анхааруулга нь дөрөвдүгээр сарын эхээр гал зогсоох тохиролцоо зарлагдахаас өмнө Иранд өгч байсан хатуу мэдэгдлийг санагдуулж байна. Тухайн үед тэрээр хэрэв Тегеран дайныг зогсоох хэлэлцээрт орохгүй бол “бүхэл бүтэн соёл иргэншил” сүйрч болзошгүй хэмээн анхааруулж байв.
Энэ долоо хоногийн эхээр Д.Трамп Ираны тавьсан шаардлагуудыг “бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багхай эдгээр саналыг “хариуцлагатай” бөгөөд “өгөөмөр” гэж тодорхойлжээ.
Ираны хагас албан ёсны Tasnim агентлагийн мэдээлснээр, Тегераны саналд бүх фронтод дайныг нэн даруй зогсоох, Ливан дахь Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн эсрэг Израилийн ажиллагааг зогсоох, АНУ Ираны боомтуудыг хаахаа болих, мөн Иранд дахин халдахгүй байх баталгаа өгөх зэрэг шаардлага багтсан байна. Мөн Иран дайны хохирлыг нөхөн төлүүлэх, Хормузын хоолой дахь бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тавьсан гэж мэдээлжээ.
Харин Ираны Fars агентлагийн мэдээлснээр, Вашингтон Тегераны саналын хариуд таван нөхцөл тавьсан байна. Үүнд Иран зөвхөн нэг цөмийн байгууламж ажиллуулах, өндөр баяжуулсан ураны нөөцөө АНУ-д шилжүүлэх зэрэг шаардлага багтжээ.
Д.Трамп баасан гараг /2026.05.15/-т Иран цөмийн хөтөлбөрөө 20 жилийн хугацаанд түдгэлзүүлэх хувилбарыг хүлээн зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсэн. Энэ нь Вашингтоны өмнөх “цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох” шаардлагаас тодорхой хэмжээгээр ухарсан байр суурь байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
АНУ болон Израилийн хүчин хоёрдугаар сарын 28-наас Иранд өргөн хүрээний агаарын цохилт өгч эхэлсэн. Хэлэлцээг урагшлуулах зорилготой гал зогсоох дэглэм зарим үед зөрчигдөж байгаа ч үндсэндээ мөрдөгдөж байгаа гэж мэдээлж байна. Гэсэн хэдий ч Иран Хормузын хоолойг хяналтдаа байлгасаар байна. Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг энэ чухал усан замыг Тегеран хаасан хэвээр байгаа нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийг огцом өсөхөд нөлөөлсөн. Одоогоор Пакистан АНУ, Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа ч хоёр талын байр суурь хол зөрүүтэй хэвээр байна.
Эх сурвалж: BBC