Монгол ардын намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, нэг асуудал сонслоо. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар тодорхой мэдээллийг бүлгийнхээ гишүүдэд өгсөн. Улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудал болоод түүнд хамаарах хэрэгжүүлж байгаа томоохон асуудлаар мэдээлэл өглөө.
Мөн та бүхэн нийслэлийн Засаг даргатай холбоотой үүссэн асуудлыг сонирхож байгаа байх. Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын хуульд заасны дагуу доод шатны засаг дарга хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж ажиллаагүй гэдэг үндэслэлээр Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэдгийг мэдээлсэн.
Хотын том бүтээн байгуулалтын ажлуудыг урагш явуулахад эргэлзээгүй. Түүний хэрэгжиж буй байдал, бас иргэдээс ирүүлсэн асуудлуудыг шалгаж тодруулах үүднээс түр зогсоосон зүйлс байгаа гэдгээ зориуд илэрхийлсэн. Үүнийг хууль, шалгалтын байгууллага нягтлаад иргэдэд танилцуулах байх. 2026 он гарсаар махны хангалт, үнийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож ажиллаж байсан. Тэр хэмжээнд тооцооллын мэдээллийг хийсэнгүй. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниудтай тодорхой үнээр гэрээлсэн юм билээ. Үхрийн мах 18 мянган төгрөг, хонины мах 15 мянган төгрөг гэх мэт. Энэ үнээр мах худалдан борлуулна гэсэн тооцоолол гарсан. Гэтэл нөөцөлсөн махны 50 хувь орчим нь худалдаанд гараагүй байна. Бэлтгэсэн компаниудад 1200 тонн орчим мах агуулахад нь байгаа юм байна. Үүнийгээ гүйцэд гаргахгүй байгаа юм байна. Цаана нь 1300 тонн орчим махны асуудлыг тодруулах шаардлага байгаа юм байна. Энэ асуудлаар шалгалт хийх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм байна" гэлээ.
Мөн тэрбээр “Орон нутгийн удирдлагуудын асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн асуудал биш. Ерөнхий сайд, МАН-ын даргын бүлэгт өгсөн цаг үеийн асуудал дотор өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн удирдлагын асуудал яригдсан. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал. Үүнийг намын хагарал, талцал гэдэг зүйлтэй холбох боломжгүй. Үүнийг шууд хэлье” гэдгийг тодотголоо.