Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч Бямба гараг /2026.05.16/-т “Хүчит шонхор” захад ажиллах үеэрээ, "Зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй. Энэ асуудалд маш их гомдолтой байна. Хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн байна.
Ингээд удалгүй Төрийн ордонд байрлах албан өрөөндөө АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ, "Улаанбаатарын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Тусгай ажлын хэсэг гаргаж шалга" гэсэн үүргийг өгсөн юм.
Харин Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлийн дараа Хотын дарга асан Х.Нямбаатар олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийх үеэрээ, "Миний нэр хүнд Н.Учралаас илүү гарчихаад байгаа болохоор намайг зайлуулж байна. Чи миний зовлогыг л хорино уу гэхээс зориг зүрхийг хорьж чадахгүй бацаан минь" хэмээн бусдыг илтэд доромжилсон нь олны дургүйцлийг хүргэсэн гэхэд болно.
Өнөөдөр НИТХ-ын хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр оролцож, Хотын шинэ дарга томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилж буйгаа мэдэгдсэн. Иймд дараагийн хотын даргаар хэнийг томилох бол гэсэн асуулт олон нийтийн анхааралд ороод байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, "эрх баригч МАН-ын удирдлагууд дараагийн хотын даргад хэд, хэдэн хувилбарыг ярьж байгаа аж." Тухайлбал, БЭТ буюу Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, нийслэлд тодорхой хугацаанд ажиллуулж, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хянаж, цэгцлээд дараа нь НИТХ-ын төлөөлөгчид дотроос Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг ярьж байгаа ажээ.
Учир нь Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг олон бүтээн байгуулалтын ажлууд холбогдох хууль дүрмийг зөрчсөн байж болзошгүй байгаа юм. Харин Улаанбаатар хотод томилогдох Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нараас ч томилж магадгүй байна.