Б.Энхбаяр: Нийлүүлэгч компаниудын нөөцөд байгаа гэх 1400 тн мах байхгүй нь тогтоогдсон

Б.Энхбаяр: Нийлүүлэгч компаниудын нөөцөд байгаа гэх 1400 тн мах байхгүй нь тогтоогдсон

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдээр Зөөцийн махны нийлүүлэлт, бодит нөхцөл байдалтай танилцсан. Холбогдох татварын байгууллагын мэдээллээр Нийслэлийн өвөл, хаврын нөөцөд бэлтгэсэн 5000 тн мах худалдаалахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн жилүүдэд 8000 тн мах бэлтгэн нийлүүлж худалдаалсан байна. Хүнсний тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь нөөцийн мах, махны үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Өмнөх Засгийн газрын үед Хотын захирагч Засгийн газрын хуралдаанд өөрийн төсөв хөрөнгөөс бүрэн шийдвэрлэж хариуцах талаар танилцуулж байсан. ТЕГ-ын мэдээллээс харахад 2500 тн мах НӨАТ-ын баримтын хүрээнд худалдаалагдсан гэх дүн мэдээг Ерөнхий сайдад танилцуулсан. 2500 тн мах хаана байгаа талаар Ерөнхий сайд хөндсөн. Хуулийн байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Бэлтгэн нийлүүлэгч компаниудын зүгээс 1400 тн мах байна гэх мэдээллийг өгсөн. Харин Хотын захиргаанаас сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах худалдан борлуулах 600 цэг байгуулсан гэсэн. Газар дээр нь хяналт шалгалт хийхэд нөөцийн махны цэг 600 биш 375 байна гэх асуудал тогтоогдсон. 250-д нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан компаниудаас нөөцөлсөн махаа яагаад худалдаалахгүй байгаа юм бэ гэхэд Нийслэлийн Ерөнхий менежер худалдаалахгүй байж бай гэх чиглэл өгсөн гэж танилцуулсан. Энэ бүгдээс харахад махны үнийг хөөрөгдөх зохион байгуулалттай ажил байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна. Одоогоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй. Урьдчилсан байдлаар нийлүүлэгч компаниудын хэлээд байгаачлан 1.4 мянган тонн мах байхгүй байгаа нь тогтоогдсон дүн мэдээ байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан. Миний бие Хотын даргын тамга тэмдгийг нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулаад ирлээ" гэсэн юм.

ВИДЕО: