Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хүн амын 60-аас доошгүй хувьд хүргэх зорилт тавиад буй.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 4.5 тэрбум төгрөгөөр 2000 өрхийн нүхэн жорлонг шинэчлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг 2.2 тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг 2.3 тэрбум төгрөгөөр хийлгэхээр тендер зарласан байна. Улсын төсвөөр баригдахаар зарлагдсан уг тендерт зургаан аж ахуйн нэгж оролцсон боловч нэг байгууллага шалгараагүй аж. Тендерт оролцсон аж ахуйн нэгжүүд нь "шаардлага хангахгүй" гэх шалтгаанаар шалгараагүй байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар өнгөрсөн жилийн аравдугаар сард Шинжлэх Ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээр гүйцэтгэсэн судалгааны хүрээнд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144,992 нүхэн жорлон тоологдсон байдаг. Тэгвэл зөвхөн нийслэлийн долоон дүүрэгт байгаа нүхэн жорлонг шинэчлэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардах нь.
Агаар хөрсийг бохирдуулж буй нүхэн жорлонг шинэчлэх нь буруу биш ч эдийн засгийн хямралтай, хэмнэлтийн горимд шилжээд байгаа эл үед 2000 айлын нүхэн жорлонг 4.5 тэрбум төгрөгөөр барих нь хэр зохистой вэ гэх асуулт хариултаа нэхэж байна.