Ю.Үнэнбүрэн: Гүйгүүл морьдын туулсан замын түүхийг 20 хоногийн турш бичиж баримтжуулснаа кино болгоно

Ю.Үнэнбүрэн: Гүйгүүл морьдын туулсан замын түүхийг 20 хоногийн турш бичиж баримтжуулснаа кино болгоно

“Монголын эрийн гурван наадам - Их шүтээн” ТББ, “Биг блью фловер” аяллын компанитай хамтран “Дэлхийн морьтнууд” төслийг хэрэгжүүлжээ. Тус компанийн захирал Д.Цэцгээ, “Монголын эрийн гурван наадам - Их шүтээн” ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн нар Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж явсан морьдын талаар мэдээлэл хийлээ.

Энэ тухай “Дэлхийн морьтнууд” төслийн хэрэгжүүлэгч Ю.Үнэнбүрэн, “Юуны түрүүнд гүйгүүл морьд төслийг дэмжиж тусалсан бүх хүмүүстэй баярлалаа. 2020 оноос хойш гүйдэг морины талаар судалгаа хийж эхэлсэн юм. Удалгүй Говь-алтай аймгийн шарга суманд зарагдсан хээр морины сураг дуулаад эзэнтэйн уулзаж гүйлгэж болохоор юм байна гэдэг мэдээллийн авсан. Дараа нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын айлаас бас нэг гүйдэг хүрэн морь олсон. Энэ морийг бол эзэн нь сайхан сэтгэл гаргаж та бүхний төсөлд тус нэмэр болоод гүйлгэхэд бэлэн байна гэж мэдээлснээр бид уг төслийг эхлүүлэх болсон.

-МОРЬД ӨӨРСДӨӨ ЗУНШЛАГА САЙТАЙ ГАЗРУУДЫГ СОНГОН, ГАЗРЫН ЧИГЭЭ АЛДАЛГҮЙ ЯВСАН-

Хээр морийг бид Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас ачиж Говь-алтай аймгийн Дэлгэрийн тал, Баянхонгор аймгийн Бууцагаан, Өвөрхангай Гарьдын ам зэрэг гурван өөр газраас тавьж туршиж үзсэн. Хээр морь маань хаана ч тавьсан шууд нутаг руугаа 30-40 км газар чөлөөтэй гүйж байсан.  Тиймээс төсөл амжилттай болно гэж дүгнээд тавдугаар сарын 20-нд Өвөрхангай аймагт хээр болон хүрэн морио нийлүүлж тав хоног ижилсүүлсэн. Үүний дараа хазаарыг нь мултлахад хоёр морь маань шууд зүүн тийш Онгийн голыг гатлаад гүйсэн. Эхний 2-3 өдрийн дараа морьд зогсох болов уу гэж бодтол тэгээгүй. Морьд өөрсдөө Эрдэнэдалай сумын араар,  Дэлгэрцогтын  хажуугаар гараад Баянцагаан руу явсан. Зуншлага сайтай газруудыг сонгон, газрын чигээ алдалгүй явсан.

Монгол адуу гайхамшигтай амьтан, байгалийн бүтээл байдаг юм байна. Монголчууд адуу гүйдэг гэж мэддэг ч гаднынханд энэ талаар ярихаар үүнд итгэдэггүй, та худлаа ярьж байна гэдэг. Тиймээс бид бүхнийг баримтжуулж нэвтрүүлэг хийхийг зорьсон.

-ХЭЭР МОРЬ МААНЬ НУТАГТАА ИРЭНГҮҮТЭЭ АМАР АМГАЛАНГИЙН ОРОНД ИРСЭН МЭТ УДААН УНТСАН-

Мөн энэ хугацаанд бидэнд маш олон хүн тусалж байсан. Айлууд хоол унд өгч, зарим хүн замын мөнгө өгч байлаа халуун сэтгэлтэй ард түмэндээ баярлаж буйгаа дахин илэрхийлье. Хээр болон хүрэн морио нэртэй болгохын тулд иргэдийн саналаар Голомт, Гал гэсэн нэр хайрлалаа. Эдгээр морьд замаа амжилттай дуусгаад байна.

Замд 100 гаруй азарга адуу таарсан. Азарга нь хээр хөдөө гүйж буй адуунд огт саад болдоггүй юм байна. Мөн замд нэг удаа бор морь таарч, 30 минут хамт байснаа манай хоёр морийг төмөр замын гарам хүртэл хүргэж өгөөд буцсан. Бид адууны хэлний талаар юу ч мэддэггүй юм байна. Замд олон удаа нүднээс нулимс гарахаар үйл явдал тохиолдож байлаа. 

Хээр морь маань Нутагтаа ирэнгүүтээ амар амгалангийн оронд ирсэн мэт удаан унтсан. Эзэд нь ч морьдоо сайхан хүлээж авсан. Гал хүрэн морио Амаржаргалын адуунд үлдээх шийдвэр гаргасан. Энэ морь уурга үздэггүй, зугтдаг юм билээ. Хээр морио эрж хоёр хоног явсан. Морьдын өдөр бүрийн замын түүхийг 20 хоногийн турш бичиж баримтжуулснаа кино болгоно. Монгол адуу жүчээний морьдоос илүү тэсвэр тэвчээртэй гэдгийг бид туршилтаараа баталлаа” хэмээв.

ВИДЕО: