Барс захад жимс, нарийн ногоо тасарчээ

Барс захад жимс, нарийн ногоо тасарчээ

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусны халдварын тохиолдол өчиглөр өглөө 9.00 /2022.06.08/ цагийн байдлаар 149 болж нэмэгдэн, хатуу хөл хорио үргэлжилж байна. Монгол Улс руу уржигдар 33 чингэлэг хилээр оруулсан бол өчигдөр 40 чингэлгийг хилийн тэг цэгт байршуулаад байгааг ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдэгдсэн.

Монголын тал өнгөрсөн хугацаанд өдөрт 70-80 чингэлэг хүлээн авч байсан бол хөл хорионы улмаас 2 дахин багасжээ. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногооных юм. Тиймээс жимс, ногооны Барс захад  нарийн ногоо, жимс тасарч лангуунууд хоосорчээ. Худалдаачид энэ талаар хэлэхдээ "Өргөст хэмх, помидор тасраад байна. Захиж авахаар болсон ч хилээр нэвтрүүлэх чингэлэгийн тоо бага байгаа учраас орж ирэх боломжгүй байна" гэлээ. 

Манай улс Эрээн хотын Шуурхай штабт хөл хорионы үед жимс, нарийн ногоог Монгол руу тээвэрлэх ачилт хийдэг ажилчдыг тусгаарлан, барааг ачуулах хүсэлт тавиад байгаа аж. Энэ дагуу Эрээн хотын гаалийн талбайд тусгаарлалтын талбай руу орсон 200 гаруй, ачилт буулгалт хийдэг хэсэгт 200 гаруй чингэлэг, мөн тусгаарлалтын бүсэд экспортын 200 машин байна. Гаалийн бүрдүүлэлт хийсэн 200 гаруй чингэлгийг өдөрт 20-30-аар оруулж ирэхээр төлөвлөжээ.

Эрээн хотод хөл хорионы тодорхой хугацаа заасан мэдээлэл байхгүй ч багаар бодоход 21 хоногийн тусгаарлалт үргэлжлэх магадлалтай гэж ГХЯ-аас мэдэгдээд байгаа юм.