ВИДЕО: Их тайгад тавьсан гурван бамбаруушны нэг нь анхны байрлалаасаа 600 метр, хоёр нь 2,2 км-ын зайд байгаа нь тогтоогджээ /ФОТО/

ВИДЕО: Их тайгад тавьсан гурван бамбаруушны нэг нь анхны байрлалаасаа 600 метр, хоёр нь 2,2 км-ын зайд байгаа нь тогтоогджээ /ФОТО/

Улаан тайгын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, өвөлжүүлсэн талаар бид анх мэдээлж байсан билээ. Гэмшил, Номхон бор, Догшин хар гэх гурван бамбаруушийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тайгад нь нисдэг тэргээр тавьсан байна. Тэгвэл тэднийг хэрхэн байгальд нь тавив гэдгийг сурвалжиллаа.

ВИДЕО:

-БАМБАРУУШНУУДАД УНТУУЛАХ ТАРИА ХИЙЖ, ТУС БҮРТ НЬ БАЙРШИЛ ТОГТООГЧ СУУЛГАЖЭЭ-

Бамбаруушнуудад байршил тогтоогч суулгажээ

Гурван бамбаруушийг "Австралийн амьтан хамгаалах сан"-ийн дэмжлэгтэйгээр буюу 40 гаруй сая төгрөгийг зарцуулж байгальд нь тавьсан байна. Тэднийг байгальд нь тавихаас нэг хоногийн өмнө унтуулах тариа хийж, улмаар тус бүрт нь байршил тогтоогч суулгажээ. Мөн унтаж байх үеэр нь тээвэрлэхэд бэлэн болгож, тусгайлан бэлдсэн торондоо оруулсан байна. Харин бамбаруушнууд сэрээд торонд байгаагаа мэдээд уурлах эрсдэл байсан учраас торны дээгүүр битүү хучиж, хүн харахгүй болгож, аюулгүй байдлаа хангажээ.

Тэдэнд унтуулах тариа хийсэн тул дулаан газар байлгах ёстой гэсэн амьтны эмчийн зөвлөгөөгөөр бамбаруушнуудыг торонд хийсний дараа автомашины гараашт хонуулсан гэдгийг байгаль хамгаалагчид онцолж байлаа. 

Гурван бамбарууш унтуулах тариа хийснээс 1:30 минутын дараа сэргэсэн бөгөөд торноос гарахаар оролдож, газар самардаж байжээ. Харин тэдэнд унтуулгын дараах сэргээх тариаг Австралийн амьтан хамгаалах сангийн амьтны эмч нар хийж, тэдний биеийг тогтмол ажиглаж байсан аж.

-БАМБАРУУШНУУДЫГ НИСДЭГ ТЭРГЭЭР 40 МИНУТ ТЭЭВЭРЛЭЖ, ИХ ТАЙГАД ТАВЬЖЭЭ-

Нисдэг тэргээр тээвэрлэж Их тайгад тавьжээ

Харин маргааш нь бамбаруушнуудыг Зэвсэгт хүчний жанжин штабын нисдэг тэргээр 40 минут тээвэрлэсний үр дүнд тэднийг тавихаар төлөвлөсөн Их тайгад хүргэсэн байна. Ингээд бусдыгаа бодвол ааш зан зөөлөн учир эхлээд "Гэмшил" нэртэй бамбаруушийг торноос гаргажээ. Хүнд дасгахгүй байхаар тэжээсэн байгаль хамгаалагчдын урмыг "Гэмшил" хугалсангүй, шууд л Их тайга руу зугтсан байна. Үүний дараа  "Догшин хар", "Номхон бор" хоёрыг нэгэн зэрэг торноос гаргаж, хамт явуулахаар төлөвсний дагуу тэднийг Их тайгад хамтад нь суллаж тавьжээ. Учир нь тэд хоёр эм, эр бамбарууш бөгөөд нэлээд ойр дотно байсан байна. Одоо ч тэд хамтдаа Их тайгад явж байгаа аж.

-ГЭМШИЛ АНХ ТАВЬСАН ГАЗРААС 600 МЕТР ОРЧИМД, ДОГШИН ХАР, НОМХОН БОР ХОЁР 2,2 КМ ЗАЙТАЙ МОДОН ДУНД ЯВЖ БАЙНА-

Бамбаруушнуудад байршил тогтоогч суулгасан талаар бид дээр өгүүлсэн. Тэгвэл бамбаруушнуудыг өчигдөр /2022.05.30/ байршил тогтоогчоор хянахад "Гэмшил" анх тавьсан газраас 600 метрын орчимд, харин "Догшин хар", "Номхон бор" хоёр 2,2 км зайтай модон дунд явж байжээ. Австралийн амьтан хамгаалах сангийн амьтны эмч нар бамбаруушнуудыг хүнтэй л адил анхаарч байсан байна. Тэр ч бүү хэл Австралийн амьтан хамгаалах сангийнхан бамбаруушнуудад унтуулах тариа хийхээс эхлээд байгальд нь тавиад буцах зам хүртлээ уйлж байсан нь тэднийг байгаль дэлхий, амьтанд ямар их хайртай болохыг илтгэж байсныг манай байгаль хамгаалагчид онцолж байв.

-ГЭМШИЛ, ДОГШИН ХАР, НОМХОН БОР ГУРАВ 70-116 КГ БОЛТЛОО ӨСӨЖ ТОРНИЖЭЭ-

Австралийн амьтан хамгаалах сангийн мэргэжилтнүүд манай байгаль хамгаалагчидтай хамтран ажиллажээ.

Өнгөрсөн намар эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбарууш 30-40 кг жинтэй байсан бол сая их тайгад тавих үед 70-116 кг болтлоо өсөж торнижээ. Тэднийг манай байгаль хамгаалагчид Австралийн амьтан хамгаалах сангийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр өдөрт гурван удаа хооллож байсан байна. Мөн хүнд дасгахгүй байхаар тэжээж, улмаар байгальд тавьсан нь маш зөв шийдвэр байсан гэдгийг ч тус сангийнхан онцлон сайшаажээ. 

Их тайгад бамбаруушнуудыг ийнхүү торонд хийж хүргэжээ

Нутгийн иргэд олноороо цугларчээ