Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр "давжаа парламент"-тай хоёр том гүрний дунд цаашид орших нь хүндрэлтэй

Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр "давжаа парламент"-тай хоёр том гүрний дунд цаашид орших нь хүндрэлтэй

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд гаргасан. Тэд хаврын чуулганы хугацаанд багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандаж буйгаа өнгөрсөн долоо хоногт ч мэдэгдсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зургадугаар сардаа багтаан Үндсэн хуулийг өөрчлөхөөр намууд санал нэгдсэн гэх.

Энэ удаагийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй. 
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 120 болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог" тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох.
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.

ВИДЕО: 

 

-ТОМ ГҮРНҮҮДИЙГ ТОЙРСОН УЛСУУД ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БАЙДАГ-

Бид тус асуудлаар улс төрч, хуульчдын байр суурийг сонсож байна. Энэ удаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярыг урьж дээрх асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуульд хэд, хэдэн агуулгаар өөрчлөлт оруулахаар УИХ-д суудалтай болон суудалгүй намууд санал нэгдсэн гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёрын хооронд өөрчилж, дутуу хийсэн. Тухайн үед Ардчилсан намын зүгээс “Гишүүдийн тоог нэмье” гэдэг саналыг гаргаж байсан шүү дээ. Ер нь “УИХ-ын гишүүдийг дарга” гэдэг буруу ойлголт бидэнд бий. Гэтэл гишүүд ард түмний төлөөлөл юм. Данхар төр гэдэг нь гишүүдийн тоотой холбоотой юм биш. Харин эсрэгээрээ яам, агентлагаа цөөлж, хэрэггүй олон улсын үйлдвэрүүдээ танах ёстой. Тэгэж байж данхар төргүй болно.

Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой. Учир нь иргэдийг төлөөлөх чадвар байх шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр давжаа парламенттайгаар хоёр том гүрний дунд цааш оршиход хүндрэлтэй.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл “иддэг, уудаг” хүмүүс нэмэгдэнэ гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс өрнүүлж байна. Эсрэгээрээ гишүүдийн тоог нэмэх зайлшгүй  ямар шаардлага байгаа вэ. Тухайлбал, геополитикийн хувьд?

-Манайх шиг сонгогчдын тоотой улсад 120-130 гишүүн ажиллаж байна. Энэ нь дэлхийн жишиг. Учир нь нийт сонгогчдыг төлөөлөх чадварыг харуулж байна. Нөгөөтэйгүүр Монголын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт нэг хүн шийдэж болохгүй. Монголын асуудлыг парламентаар, хамтаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Парламент ёс нь дархлаатай, асуудлыг ярьж шийддэг байх ёстой. Хэрвээ цөөн гишүүнтэй байвал “давхар дээл”-тэй, Засгийн газар нь тогтворгүй, сайд болохын төлөө уралддаг, УИХ, Засгийн газрын аль нь хууль тогтоогоод байгаа нь ойлгомжгүй болдог. Энэ утгаараа парламентын чадварыг нэмэгдүүлэхийн тулд төлөөлөгчдийг нэмэгдүүлэх ёстой.

Манай хоёр хөрш улс бол ардчилалын эсрэг тогтолцоотой. Энэ дунд бид ардчиллын үнэт зүйлийг тээж байна. Кремль дэх улс төрийн эрх мэдлээ Улаанбаатарт авчирснаа 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажуулж байсан улс үндэстэн шүү дээ. Энэ зарчмаа цаашид яаж хадгалж үлдэх вэ. Энэ хоёроос бусад улс болох Япон, АНУ, Энэтхэг, Европын холбоотой гүүрээ шатааж болохгүй. Тэгэхээр парламентын ардчиллаа ямагт авч явах ёстой юм. Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Тодорхой сонгогчдын мандатыг авснаараа л ялгаатай юм. Монгол биднээр дуусахгүй. Бид байх үедээ шийдэх асуудлаа шийдэх ёстой. Хожим тогтолцооны гажигаас болоод том гүрний нөлөөгөөр Монголыг үймүүлж тоглоомын улс болговол аюултай. Ер нь хойд хөрштэй холбоотой дэлхийд болж буй үйл явц жижиг улс дархлаагүй, зөв улс төрийн тогтолцоогүй, парламент нь хэврэг байвал аюултай гэдгийг л харуулж байна. Ер нь том гүрнүүдийг тойрсон улс орнууд том парламентын засаглалтай байдаг.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр

-ХӨГЖСӨН, ҮЛДСЭН ЗҮЙЛГҮЙ БАЙГАА ТОМ ШАЛТГААН НЬ СОНГУУЛИЙН МАЖОРИТАР СИСТЕМ ЮМ-

-Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж байна. Одоогийн манай жижиг мажоритар тогтолцоо буруу байгаа бол өөр ямар тогтолцоо байх ёстой вэ. Хамгийн зөв хувилбарыг та хэрхэн хардаг вэ?

-Мажоритар тэр дундаа жижиг нь үнэхээр утгагүй нь хэд, хэдэн зүйлээр баталгаажна. Тухайлбал, 2000 хүрэхгүй хүн амтай суманд Спортын, Соёлын гээд хэд, хэдэн ордон барьж байна. Хэнтий аймгийн төсвийг хар л даа. 20 тэрбумаар сургууль барина, зам тавина ч гэх шиг. Тойргоос сонгогдсон гишүүд тойрог руугаа мөнгө хийхийн тулд уралддаг. Энэ нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад байна. Хөгжсөн, үлдсэн зүйлгүй, том бүтээн байгуулалтгүй, улсын өртэй л болгоод байна шүү дээ. Энэ байдлаас гарах хамгийн том гарц бол сонгуулийн холимог тогтолцоо юм. Жалга, довыг төлөөлдөгөө болиод Монголын нийтлэг эрх ашгийг хардаг, мөнгөө яаж зөв зарах ялангуяа ирээдүйн боловсролын системд, эрүүл мэндийн тогтолцоо руу оруулдаг байх тухай ярих ёстой. Тэгэхгүй бол хэдэн хүн нийлээд төсвийн мөнгийг үрэн таран хийгээд тараагаад байгаа нь Монгол улс хөгжихгүй байгаа гол шалтгаан.

Гишүүн бүр нийлээд өөрийнхөө суманд ажил хийх гэж дайрдаг. Аймаг бүрт том, том угтах хаалга барьдаг бас байшин бүтээдэг. Судалгаа байдаг шүү дээ. Соёлын ордонг жилдээ гурван удаа ашигладаг гэдэг. Зүгээр л үхмэл зардал. Тэр барилга руу тавьсан эрчим хүчний шугам нь хэзээ ч зардлаа нөхдөггүй. Энэ бол том шалтгаан.

-Үндсэн хуульд ойр, ойрхон өөрчлөлт оруулж болохгүй гэх нийгмийн шүүмжлэл байна. Харин МАН-ын бүлгээс” Үндсэн хуульд биш Журмын тухай хуульд нь өөрчлөлт оруулна” гэсэн. Үүн дээр та хуулийн зааг, ялгааг тайлбарлаж өгөөч?

-Зарчмын хувьд Үндсэн хууль тогтвортой байх ёстой. Гэхдээ энэ нь Үндсэн хууль өөрчлөхгүй мөнхийн хэвээр нь байлгах ёстой гэсэн үг биш. Манай Үндсэн хуульд 8 жилд өөрчлөлт оруулна гэсэн заалт байхгүй. Журмын тухай хууль бий. Зайлшгүй шаардлага бий бол Үндсэн хуулийг өөрчилж болно. Гэхдээ жижиг, сажиг биш зарчмын суурь шинэчлэлүүд буюу парламентыг дархлаатай болгох, давжаа парламентаас гаргах гэх мэт. Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх асуудлыг зайлшгүй өөрчлөх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.  




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө