Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа билээ. Түүнийг "Туулын хурдны зам"-ын төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор мөрдөн шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн албанаас Т.Даваадалайн орон сууцанд нэгжлэг хийж түүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад сулласан байдаг.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож авсан мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байдаг.
Тодотговол тэрбээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болоод байгаа. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлж, улмаар тус газраас Т.Даваадалайг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.