Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн өргөн барьсан билээ.
Зөрчлийн тухай хуулийг шинэчилж, торгож, барьвчлахаас татгалзаж, зөвлөж, сануулдаг болно гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар онцолж байсан. 16 бүлэг, 267 зүйл, 1182 хэсэг, 429 заалттай тус шинэчилсэн найруулгад хэд хэдэн анхаарал татсан заалт багтжээ. Тухайлбал Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан, хүний эмзэг мэдээллийг задруулсан бол торгоно, зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулах, Төрийн ордоны гадна суулт, өлсгөлөн зарлах зэрэгт торгох шийтгэл ногдуулна гэжээ.
Мөн заавал хийх дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол торгох заалтыг ч тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Ковидын зэрэг сэргийлэх вакцинд хамрагдаагүй бол торгох аж.
Тодруулбал Зөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.8 дугаар зүйлд
- Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Мөн хуулийн төсөлд: Хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж, нэвтрүүлээгүй бол торгох заалтыг тусгасан байна.
Тус хуулийн 5.12 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтэлсэн, нэвтрүүлсэн бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж, нэвтрүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрч, хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргасан, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараасан, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийсэн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, Төрийн ордоны гадна суулт, өлсгөлөн зарласан бол торгох заалт ч тус хуулийн төсөлд багтсан байна.
Тодотговол, тус хуулийн төслийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдлийг бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулж хүнийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Харин 15.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Төрийн ордонд хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл хориглосон эд зүйл авч орсон, эсхүл орохыг завдсан, эсхүл төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хүнийг сануулах, эсхүл тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2 дахь хэсэгт Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, эсхүл нэвтрэгчид саад хийсэн, эсхүл согтуугаар нэвтэрсэн, эсхүл хууль зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаасан бол сануулах болон торгох арга хэмжээ авна гэжээ.
6.1 дүгээр зүйл. Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх
- Хот, суурин газарт стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг сануулах, эсхүл нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг сануулах, эсхүл нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон хориглолтыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан хөрөнгийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.4 дүгээр зүйл. Агаарын тухай хууль зөрчих
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаасан бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжээс дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжээс дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин тус хуулийн төслийн 6.4 дүгээр зүйлд Заавал хийх дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтын оруулжээ.
Тодотговол, 6.4 дүгээр зүйлд. Дархлаажуулалтын тухай хууль зөрчих
- Заавал хийх дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг сануулах, эсхүл хорин
- Сэргийлэх тарилгыг хүүхэд, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.