ВИДЕО: Дундговь аймагт өдөрт 4-5 мянган өндөг борлуулалтад гаргах чадалтай “Тахианы аж ахуй” нээгджээ

ВИДЕО: Дундговь аймагт өдөрт 4-5 мянган өндөг борлуулалтад гаргах чадалтай “Тахианы аж ахуй” нээгджээ

Дундговь аймгийн иргэн Ж.Рэнцэндагва нутагтаа өөрийн хөрөнгөөр болон орон нутгаас дэмжлэг авч 6 мянган тахиатай аж ахуй нээжээ. Ингэснээр тус аймгийн иргэд өдөр тутамдаа шинэ өндөг хэрэглэх боломжтой болж байгаа аж. Бид тахианы аж ахуй эрхэлж буй “Жаргалант сор" ХХК-ны захирал Жаргалсайханы Рэнцэндагватай холбогдож ярилцлаа.

ВИДЕО: 

-НАЙМАН САР ТУТАМД ШИНЭЭР ЗУРГААН МЯНГАН ДЭГДЭЭХИЙ ХУДАЛДАН АВЧ, СЭЛГЭЭ ХИЙДЭГ-

-Дундговь аймагт тахианы аж ахуй байгуулсан шүү дээ.  Энэ төсөл хөтөлбөр нь хэзээ эхэлсэн бэ?

-2021 оны гурван сараас эхлүүлсэн.  

-Төслөө эхлүүлэхэд, санхүүжилтээ яаж бүрдүүлэв. Орон нутгаасаа дэмжлэг авсан уу?

-Тийм ээ. Өөрийн хөрөнгөөр 400 гаруй сая төгрөг зарцуулсан бол Сайн цагаан сумын сум хөгжүүлэх сангаас 100 сая төгрөгийн зээл авсан.

-Бүтээгдэхүүнээ хэзээнээс гаргаж эхэлсэн бэ?  

-2021 оны 11 сард “Түмэн шувуут”-аас дэгдээхийгээ авсан. Улмаар 2022 оны гурван сарын сүүлээр эхний өндөгнүүд маань гарч эхэлсэн. Ер нь 120-124 хоногтой дэгдээхийнүүд өндөглөдөг.

-Танайд одоогийн байдлаар хэдэн тахиа байгаа вэ?

-Зургаан мянган тахиа байна. Манайх өндөгнөөсөө хагарсан нэг хоногтой дэгдээхий л худалдаж авдаг юм. Жил найман сар болоод нэг удаа тахиануудаа сольж сэлгээ хийх ёстой байдаг. Тэгэхээр найман сар тутам шинэ зургаан мянган дэгдээхий худалдаж авдаг гэсэн үг. Шинэ дэгдээхий авахдаа таван сарын өмнө авж тэжээж өндөглөгч тахиа болтол нь том болгоод өндөглүүлдэг. Тэгэхээр жил гурван сарын өмнө сэлгээний тахиагаа авч бэлтгэнэ гэсэн үг.

-УУРХАЙ БОЛОН БУСАД ГАЗАРТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЭХ САНАЛ ОРОН НУТГИЙН ИРГЭДЭЭС ИРЖ БАЙГАА-

-Өдөрт хэдэн өндөг борлуулалтад гаргаж байна?

-Оргил үедээ бол 4-5 мянган өндөг гаргах боломжтой. Зургаан мянган тахиа маань бүгдээрээ өндөглөхгүй. 80,90 хувь нь өндөглөнө.

-Дундговь аймагтаа худалдаанд гарч эхэлсэн үү?

-Энэ сарын 13-наас дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн байгаа.

-Танай үйлдвэрийг сум орон нутгийн удирдлагууд дэмжиж байна уу?

-Дэмжиж байгаа. Аймгийн удирдлагууд ирж уулзаад газар гэх мэтээр боломжтой бүх талын дэмжлэг үзүүлж байна. Өдөртөө 4,5 мянган өндөг гаргаад худалдан авалт царцлаа гэхэд аймаг орон нутагтайгаа хамтарч уурхай болон бусад газарт нийлүүлэх санал орон нутгийн иргэдээс ирээд л байгаа.

-Танай өндөг ямар үнэ ханштай байгаа вэ?

-Манай аймагт хотоос “Түмэн шувуут”-ын өндөг гэхэд 430-450 төгрөг, Орос цагаан өндөг 420 төгрөгөөр ирж дэлгүүр 15-20 хувийн ашгаа нэмээд 530-550 төгрөгөөр худалдаалдаг. Харин манайх өндгөө 370-400 төгрөгийн хооронд өгч эхэлсэн. 

“Жаргалант сор ХХК”-ны тахианы аж ахуйн өндөг

-Тахианы аж ахуйд нь ажлын байр ажлын байр гарсан уу. Хэдэн хүн ажил хийж байгаа вэ?

-Одоо манайд дөрвөн хүн ажиллаж байна. Нэмэлтээр дэгдээхий ирэх үед 2-3 хүн нэмнэ.

-Цаашид аж ахуйгаа томруулах боломж байгаа юу?

-Өмнөговь явдаг замтай болохоор Уул уурхайд нийлүүлж эхэлбэл томрох боломжтой. Хамгийн гол нь зах зээл шүү дээ. Ямартай ч эхний ээлжид аймаг болон сумуудаа өндгөөр хангахыг зорьж байна. Тэгээд хэрэглэгчийн баримжаа судалгаа хийгээд цаашид өргөжүүлэх бодолтой байгаа.

-ОРОС ӨНДӨР ДОР ХАЯЖ НЭГ САР БОЛООД МАНАЙД ОРЖ ИРДЭГ. ИНГЭХДЭЭ ЯМАР Ч УУРАГГҮЙ, АМИН ДЭМГҮЙ БОЛСОН БАЙДАГ-

-Өндгөө борлуулж эхэлснээс хойш хэрэглэгчид ямар сэтгэгдэл хэлж байна?

-Манайх одоогоор цахим сүлжээнд бүтээгдэхүүнээ танилцуулах албан ёсны пэйж нээгээгүй л байна. Хэрэглэгчид ер нь их ам сайтай байгаа. “Шинэ өндөг идэх өөр байна. Гоё байна” гэж байгаа. Гэхдээ манайхан их сонин хүмүүс шүү. Чанар биш хямд өндөг авдаг.

-Танай аймагт өөр импортын өндөгнүүд худалдаалагддаг уу?

-Орос өндөг байна. Дор хаяж нэг сар болчхоод ирдэг. Ямар ч уураггүй, амин дэмгүй, өндөг гэдэг нэрнээс цаашгүй л болсон байдаг. Хямд учир тэрийг нь л иргэд авдаг.

-Ер нь өндөг хэдий хугацаанд хадгалбал шим тэжээлээ алддаг вэ?

-4°C-д  хөргөгчид хадгалах шаардлагатай. Нэгээс долоо хоногтой өндгийг сувиллын өндөг гэж нэрлэдэг. Түүнээс дээш хонохоор шим тэжээлээ алдаж эхэлнэ. 28-30 хоносон өндөг бол ямар ч шимгүй болсон байдаг.

-Үйлдвэрлэл явуулахад ажилчид болон тахианы тэжээл гэх мэт зүйлсэд хэр их зардал гарч байна?

-14 хоногтоо нэг удаа “Түмэн шувуут”-аас тэжээлээ татдаг. Замын зардал ер нь өндөр болсон. Тахианууд л гэхэд сардаа 30-40 сая төгрөгийн тэжээл иддэг. Тахиануудаа өдөрт гурван удаа хооллодог. Өглөө 6 цагаас хооллож эхэлдэг дээ.

-Үйлдвэрээс гарч байгаа хаягдлаа яаж зохицуулж байна?

-Тахианууд маань хоногт 800-900 сангас гаргадаг. Арав хоногт найм есөн тонн болдог. Дахин боловсруулж болох хаягдал байдаг шүү дээ. Тэрийг л одоо орон нутгийнхан бодлого гаргаад ашиглавал болохоор байгаа юм. Бид одоогоор бол гарч байгаа хаягдлаа хогийн цэг дээр л хаяж байна.

-Орон нутагт тахианы аж ахуй эрхлэхэд ямар хүндрэлтэй зүйлс тулгарч байна?

-Зарим хэрэглэгч орос өндөг дэлгүүрт хямд байхад танайх яагаад ийм үнэтэй байгаа юм гэдэг. Орон нутагт нэг аж ахуй босгоод хэрэглэгчдийг шинэ өндгөөр хангах гэхээр орос өндөгний үнэ нь буугаад ороод ирнэ. Дотоодоос хэрэглээгээ хангаж болоод байхад гаднаас чанаргүй бүтээгдэхүүн их хэмжээгээр импортлох хэрэггүй шүү дээ.

-Ер нь энэ чиглэлээр аж ахуй эрхлээд явахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Төрийн бодлого гэж байдаг бол аж ахуйн нэгжүүдээ дэмжээд мөнгө өгөх биш зүгээр л бодлого зохицуулалт хийж өгвөл бид болох гээд л байна. Тахианы аж ахуй эрхэлдэг иргэдийн групп гэж байдаг юм. Тэнд ерөөсөө л бидэнд тулгамдаж байгаа асуудал нь нөгөө л орос хямд өндөг. Тэгээд аж ахуйн зах зээл хумигдана. Зээлгүй аж ахуйн нэгж гэж байхгүй шүү дээ бүгд тодорхой хэмжээгээр зээл авсан байдаг.

-Цаашид юуг зорьж байна?   

-Танигдах, нутгийн иргэдээ шинэ эрүүл хүнсээр хангахыг зорьж байна. Дорноговь аймагт бас нэг тахианы үйлдвэр байдаг юм. Гурав, дөрвөн жил болж байгаа ч аймгийнх нь иргэд хоёр, гурав хоносон өндгийг хуучин байна гэдэг болсон гэсэн. Харин манайд сарын өмнөх он сартай өндгийг гайгүй байна гээд л авдаг. Тиймээс иргэддээ шинэ өндөг нийлүүлж ямар байдаг гэдгийг нь мэдрүүлэхийг л зорьж байна.




Өнөөдөр туулай өдөр

54 минутын өмнө