Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг БНХАУ-тай тохирч, өргөн нарийн царигт Л.Оюун-Эрдэнэ “цэг” тавьжээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг БНХАУ-тай тохирч, өргөн нарийн царигт Л.Оюун-Эрдэнэ “цэг” тавьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр /2022.02.03-08/-үүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ нь түүний Ерөнхий сайдын албан томилогдсоноос хойших "хоёр дахь гадаад айлчлал” юм.

Айлчлалын хүрээнд тэрбээр өнөөдөр /2022.02.05/ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, “Гашуунсухайт-Ганцмод боомтуудын төмөр замын холболтын цэгийг тохирч, төмөр замын өргөн, нарийн цариг” гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ярьж байсан маргаанд “цэг” тавьжээ.

-МОНГОЛД “УУТ ЦООЛЖ” ГАЦААЖ, ХЯТАДАД “УУЛЗАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХГҮЙ” ЗОГСООЖ БАЙВ-

Монгол улс энэ боломжийг олон жил алдсан гэж болно. Учир нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлал хийхдээ “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоож, БНХАУ-ын дөрвөн боомтыг ашиглах, хамт хөгжүүлэхээр хоёр тал тохирч байв.

Харин үүний дараа “Гашуунсухайтын төмөр замын царигийг нарийн хийвэл, танк орж ирнэ, Монголын баялаг Хятад руу урсана” гэж гялгар уутанд шороо хийж, түүнийгээ цоолж Х.Баттулга тэргүүтэй зарим хүмүүс нэвтрүүлэг хийж, энэхүү төмөр замын бүтээн байгуулалт “улс төрөө даахгүй” зогсож байв. Нөгөө талдаа манай талаас уулзаж, яриа хэлэлцээ хийх хүсэлт тавьсан ч Хятадын Чайна Энержи компанид “БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо /Сангийн яам/-ноос зөвшөөрөл өгөөгүй” хэмээсээр хойшлуулж байсан гэдэг. Товчхондоо, Монголын Тавантолгой төмөр зам, БНХАУ-ын Чайна Энержи компаниуд хоорондоо ярьж, холболтын цэгээ тохироход л асуудал шийдэгдэх байсан гэдэг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэрээ боомтын асуудлаа ярьж, дээрх төмөр замын холболтын цэгийг тохирчээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас“Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт боомтыг Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа” гэж мэдээлжээ.

-ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХОЁР ДАХИН ТЭЛНЭ-

Хятадын тал Ганцмодны боомт хүртлээ 280 км орчим, 24 метрийн өндөртэй “нарийн цариг”-тай төмөр замын далангаа барьж, Монголын тал руу холбоход дөхөж ирсэн гэдэг.  Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай өнөөдөр /2022.02.05/ уулзах үеэрээ, “Ганшуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч байна” гэж мэдэгджээ.  

Сонирхуулахад, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орсноор жилд 20 сая тонн нүүрс энэ замаар экспортод гарч, манай улсын төсөв хоёр дахин өсөж, эдийн засаг тэр хэрээр тэлнэ гэж эдийн засагчид үздэг. Тодруулбал, өнөөдөр манай улс төмөр замгүйгээс сүүлийн хоёр жилд алдагдсан боломж нь 4,9 тэрбум ам.долларт хүрсэн гэдэг. Энэ нь зөвхөн нүүрсний экспорттой холбоотой тоо юм. Харин 2017 оноос хойших таван жил орчимд 7,7 тэрбум ам.долларыг төмөр замгүйн улмаас нүүрсний экспортоос алдсан гэдэг.