Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд орших Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр” гэх 100 жилийн түүхт соёлын өвийг холбогдох яам, албаныхан тоохгүй орхисноос болж газрыг нь өөр зориулалтаар ашиглахаар ойр хавийн оршин суугчдаас гарын үсэг зуруулж байна гэх мэдээллийг бид өмнө нь сурвалжилж байсан билээ.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжаар "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, хувь иргэний газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга буюу Гоожингийн өндрийг хамгаалалтад авах тухай захирамж гаргалаа. Үндсэн хуулийн 7.1 дэх хэсэг Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хуулиуд, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн тус тус захирамжилсан.
Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгал Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар Гоожингийн өндөр гэх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг НЦУГ-ын даргад үүрэг болголоо.
Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулах, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг музейн чиглэлээр ажиллуулах бэлтгэлийг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаахыг холбогдох албаныханд даалгалаа. Түүх соёлын үл хөдлөх дурсгал байршиж байгаа газарт бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулах, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж бусдын өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулах, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хариуцахыг НЗДТГ-ын хуулийн хэлтэст үүрэг болгов.
Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 470м.кв газрыг 2014 оноос хойш эзэмшиж буй иргэн Мөнх-Эрдэнэ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээг удаа дараа зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, энэ талаар иргэнд мэдэгдэж, гэрээг зохих журмын дагуу цуцлахыг үүрэг болгосон захирамж гарсан" гэж мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Цаашид Улаанбаатар хотын зүгээс өв соёлоо хадгалж хамгаалах, өвлүүлэн үлдээхийн төлөө идэвхтэй ажиллана. Хариуцлагагүй, хайхрамжгүй бидний алдаа энэ болж байна. 50, 100 жил, түүнээс цаашихыг харж ажиллах хэрэгтэй. Европ хийцийн анхны энэ барилгыг үр хойч маань харж, түүх соёлтойгоо танилцах боломжийг хадгалж үлдэх ёстой” гэлээ.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Газрын эзэмшлийг нь цуцалсан гэлээ. Хувь иргэний өмчид ингэж хандах ямар хууль эрх зүйн зохицуулалт байгаа юм бэ?
-Газрын тухай хуулийн дагуу цуцлах шийдвэр гаргасан. Энэ бол хэн нэгний өмчид биш улсын өмч байх ёстой объект. Анхны өмчлөгчөөс худалдаж авсан иргэд хэрэв хохирсон бол хохирлыг нь төлүүлнэ. Нэг л өдөр шатчихвал, нураад уначихвал шогшроод үлдэнэ.
-Музейн чиглэлээр тохижуулахад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ирэх оны төсөвт багтсан уу?
-Улаанбаатар хотын музей болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тооцоо судалгаа хийж, шаардлагатай хөрөнгийг гаргана. Энэ чиглэлд зориулж тусгагдсан байдаг тусгай төсвөөс гаргана.