Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын хэлсэн мэдээлэл анхаарал татаж байна.
Тодруулбал, тэрбээр "Дэлхийд нэртэй дөрвөн том аудитын байгууллага бий. Эдгээр байгууллага Монгол банканд аудит хийх боломжгүй болсон. Учир нь Тагнуулын байгууллага төрийн нууцын мэдээлэл нэрээр тэднийг шалгадаг. Ингээд дээрх байгууллагууд Монгол банканд аудит хийхээс татгалзаж байгаа. “Монгол банканд аудит хийгээд өгөөч” гэж гуйгаад байхад хийдэггүй. Тагнуулын байгууллагатай зууралдаж, бүх мэдээллээ өгдөг олон улсын аудитын байгууллага үгүй шүү дээ. Мөнгөө өгөөд хийлгэе гэхэд татгалзаж байгаа юм.
Энэ нь манай улсын IT, харилцаа холбооны салбарт том эрсдэл учруулж байна. Манай тагнуулын байгууллагынхан яадаг гээч, бүх зүйлийг цаасаар хадгал гэдэг. Дижитал хэлбэрээр хадгалах нь илүү аюулгүй гэдгийг мэдэхгүй Тагнуулын байгууллагаар кибер аюулгүй байдлаа хамгаалуулах гээд байж байна. Бүх зүйлийг Тагнуулын байгууллагад төвлөрүүлдэг. Энэ бол Монгол улсын хөгжил, байгууллагуудын олон улсад гарч хөгжих боломж, иргэдийн эрхийг боомилж буй ажил юм. Улстөржихөөрөө хэдэн жилийн өмнөхийг гаргаж ирээд хэвлэлийн хурал хийдэг.
Харин хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Н.Учрал энэ талаар “ У.Хүрэлбаатар гишүүний хэлээд буй шиг цэгцлэх шаардлага бий болсон. Энэ дөрвөн хууль ч тогтолцооны хувьд дэвшил авчирсан гэж бодож байна. Цаашид Засгийн газар хэрэгжүүлэх л үлдлээ. Цахим баримт бичгийг цаасан баримт бичигт тооцох тухай эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байсан. Тэгэхээр Нийтийн мэдээллийн тухай хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил эрх зүйн актаар тооцохоор хуульчилсан. Холбогдох байгууллагууд давхар цаасаар нэхдэгээ болих хэрэгтэй. Харин Архив, албан хэрэг хөтлөлтийн хуулиндаа ямар баримт бичгийг цаасаар давхар архивлахаа тодорхойлж өгөх ёстой.
Архив, албан хэрэг хөтлөлтийн газар цахим шилжилттэй шууд холбоотой. Цаас бүрдүүлээд сууж байгаадаа гол нь биш. Бид хууль хяналтын байгууллагын ажилчдадаа “Та нар баримт бичгийг яагаад цаасаар нэхээд байгаа юм. Заавал жолооны үнэмлэхээ авч яв гээд байгаа юм быэ” гэхэд “Хуулинд өөрчлөлт ороогүй. Журмуудаа өөрчил” гэдэг байсан. Энэ удаа цаасан баримт бичгийг цахим баримт бичигтэй адилаар тооцож эхэлсэн. Тогтолцооны хувьд маш ойлгомжтой болгохгүй бол болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж буй энэ цаг үед аудитын байгууллагын яриад буй зүйл нь буруу биш. Тиймээс энэ хуулинд Харилцаа холбоо, цахим хөгжлийн яам шинээр байгуулагдаад Засгийн газрын зүгээс мэдээллийг аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийх эрхийг нь олгоно. Мэдээллийн аюулгүй байдлын аудит төрийн аудитаас өөр. Аудит, эрсдлийн үнэлгээг жилд хоёр удаа хийх шаардлага хүлээлгэнэ. Хуулиар Тагнуулийн байгууллагын эрх маш тодорхой. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын асуудлыг хамаарна. Төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт дүгнэлт хийхийг шаардана. Бусад байгууллага олон улсын төсөл хөтөлбөр үүнд хамаарахгүй. Харин аудит хийх олон улсын дөрвөн байгууллагад яамнаас эрх өгнө" гэж хариулсан юм.
ҮЗЭХ: