СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аймшгийн кино байнга үздэг 16 настай охины сэтгэцэд өөрчлөлт орж, амиа хорлосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аймшгийн кино байнга үздэг 16 настай охины сэтгэцэд өөрчлөлт орж, амиа хорлосон хэрэг гарчээ

Дэлхийн улс орон бүрд хамгийн их түгээмэл тохиолддог асуудал бол яах аргагүй “сэтгэцийн эрүүл мэнд”-ийн асуудал. Тус асуудалд нөлөөлөх хүчин зүйлд маш олон зүйл багтах хэдий ч талаас багагүй хувийг "аймшгийн кино"-ноос үүдэлтэй айдас, санаа зовнил эзэлдэг байна. Иймд ард иргэд хүүхдүүдийн үзэж буй бичлэг, контент, киноны утга агуулгыг анзаарч, сэтгэцэд өөрчлөлт оруулж болзошгүй зүйлээс хол байлгахыг анхааруулах үүднээс тус мэдээллийг isee.mn сайт нийтлэв.

Сэтгэцийн эрүүл мэнд бол тэр болгон биеийн бэртэл гэмтэл шиг яригдаж, мэдэгдээд байдаггүй ч амиа хорлох түвшинд хүргэдэг, сэтгэл гутралыг үүсгэдэг, сэтгэцэд өөрчлөлт оруулдаг.  Тэгвэл энэхүү түвшинд хүргэдэг асуудлын нэг болох аймшгийн кино нь заримдаа хүний айдсыг бодит болгодог байна. Аймшгийн кино нь дүрс, дуу чимээ, зураг, түгшүүр, аюулын хуурмаг нөхцөл байдлыг бий болгож, сэтгэл зүйн заль мэхийг агуулдаг аж.

Тэгвэл саяхан буюу энэ арванхоёрдугаар сарын 01-ны өдөр /2021.12.01/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай A гэх өсвөр насны хүүхэд гэртээ хоолойгоо боомилж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ талаар ар гэр тус өдрийн 15:48 цагт цагдаагийн байгууллагад хандаж, “Манай дүү боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлагыг өгсөн аж. Талийгаач охин аймшгийн кино байнга үздэг байсан бөгөөд хоёр сарын өмнөөс сэтгэцийн өөрчлөлттэй болсон байжээ.

Аймшгийн киноны хурцадмал байдал нь хүнд стресс, цочрол зэрэг сэтгэцийн сэтгэл хөдлөлийг өдөөх зорилготой бөгөөд эдгээр нь автономит мэдрэлийн системээс норэпинефрин, кортизол, адреналин зэрэг бие махбодод даавар ялгаруулдаг байна.

Эдгээр дааврын физиологийн хариу урвал нь хүүхэн хараа тэлэх, зүрхний цохилт ихсэх, булчин чангарах зэргээр илэрдэг аж. Мөн нойрны чанар алдагдаж, нойр муутай явснаар хүний тархи сэтгэл хөдлөлийг боловсруулахад сөргөөр нөлөөлж, сөрөг сэтгэл хөдлөлийг эрчимжүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Иймд иргэд бага болоод өсвөр насны хүүхдүүд сэтгэцэд өөрчлөлт оруулж болзошгүй бичлэг, контент, киног үзэж сонирхох, үүнээс улбаалан өөрийн биед гэмтэл учруулах цаашлаад амиа егүүтгэх тохиолдол ч гарч байгаа тул хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.