Д.Болд: Замын-Үүд Эрээн боомт хаагдлаа гэдэг мэдээлэл худлаа

Д.Болд: Замын-Үүд Эрээн боомт хаагдлаа гэдэг мэдээлэл худлаа

Замын-Үүд Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг урд хөрш гаргасан. Энэ талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд дараах мэдээллийг өглөө.

-Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар Хятадын хилээр нэвтэрдэг. Мөн 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголын тал руу орж ирдэг. Эрээн хотын ардын засгийн ордон, Ковидтой тэмцэх шуурхай штабаас цаашид дамжин өнгөрөх тээвэр болон Монголоос явуулж буй бүх төрлийн тээврийг чингэлэг тээврээр л хүлээн авна гэж шийджээ. Энэ дагуу мэдэгдэл гаргаж, энэ сарын 27-ны өдрийн 00 цагаас эхлэн, төмөр зам, авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоов. Учир нь эдгээр бүтээгдэхүүнийг хүний оролцоотой ачдаг.

Яагаад ийм шийдвэр гаргасан талаар бид Эрээнд суугаа Консулын газраас дипломат шугамаар тодрууллаа. Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг 11.00 цагт хүлээн авч уулзав. Манжуур боомтод ковид-19-ийн тохиолдол хил дамнан илэрснийг хятадын тал онцоллоо. Богино хугацаанд олон хүнээс халдвар илэрсэн тул ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлав.                          

ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймагт сүүлийн 24 цагт 20 шинэ тохиолдол илэрснээр нийт 57 тохиолдол болжээ. Төмөр замын ажилчдын дунд коронавирусын халдвар дамжсан байна. Иймд Өвөр Монголын хэмжээнд цар тахлын эсрэг хатуу арга хэмжээг авах ёстой гэж шийджээ. Ингээд хилийн боомтуудад хяналтыг чангатгах 44 тоот албан бичиг гаргасныг Эрээн хотын ардын засгийн газраас энэ түр шийдвэрийг бидэнд өглөө.

Мөн энэ сарын 28-ны 14.00 цагаас төмөр замаар тээвэрлэх төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт нунтаг хэлбэртэй ачааг Эрээнд хүлээж авахгүй.

Тэгэхээр цаашид  манай талаас урагшаа хил нэвтрэх галт тэрэгний ачааг зөвхөн чингэлгээр тээвэрлэнэ. Түүнээс нийгмийн сүлжээнд бичээд байгаа шиг хилийн боомтыг бүр хаагаагүй. Манай улсын төмөр замын тээвэрт задгай чингэлэг буюу уул уурхайн бүтээгдэхүүний чингэлгийн нөөц ямар байгааг та бүхэн ЗТХЯ болон УБТЗ-аас тодруулаарай.

Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтыг нээх чиглэлээр бид бусад байгууллагатай хамтран идэвхтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн сарын 13-нд Эрээнд халдварын тохиолдол бүртгэснээс хойш авто зам хаалттай байна. Ачаа тээврийн хөдөлгөөн үндсэндээ зогссон. Өнгөрсөн хугацаанд бид ачаа тээврийг хэрхэн  зохицуулах талаар дипломат шугамаар олон удаа ярилцсан. Хилийн дундын бүсэд, Монголын тал руу 100, хятадын тал руу 100 метр, өргөн нь 80 метр бүхий чингэлэг тээврийн талбай байгуулах тохиролцоонд хүрсэн. Дагтаршуулан сайжруулсан талбай бэлэн болсон. 0 цэгээс хилийн боомт руу авто тээврийг хэрхэн хийх талаар ярьж, ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв бэлтгэл хангаж байна. 0 цэгээс ачих, буулгах ажлыг “Монголын төмөр зам”, тээврийг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо тус тус хариуцах болсон гэдэг мэдээллийг бид авсан. Хоёр тал хамтарсан туршилт хийгээд ирэх сарын 5-нд тээврээ эхлүүлэхээр ажиллаж байна гэв.             

БНХАУ-ын ГХЯ-наас энэ талаар "Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цар тахалтай тэмцэх ажлыг бие даан шийдвэрлэж хэрэгжүүлэх эрхийг бид орон нутгийн удирдлагуудад олгосон. Иймд хил дагуух аймгуудын шийдвэрийг ойлгож хүлээж аваарай" гэсэн хариу өгсөн байна.

Ирэх онд Бээжинд өвлийн олимп болох тул цаашид тус улсаас хилийн боомтуудад тавих арга хэмжээ улам чангарах хүлээлттэй байна гэж ГХЯ-наас мэдээлэв.