Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өчигдөр /2021.11.20/ мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл тус асуудал олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ их мөнгөөр бурхны хөшөө барихын оронд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих ёстой хэмээн шаардаж эхлээд байна. Иймд УИХ-ын зарим гишүүд “2022 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барих төсөв байгааг бид мэдээгүй” гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байна.
Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа, “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн ЗГ, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх ЗГ, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн ЗГ төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” хэмээжээ.
Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн ЗГ, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 трб-аар нэмжээ гээд өмнөх ЗГ, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн ЗГ төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье.
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) November 21, 2021
Учир нь тус бурхны хөшөөг анх 5,5 тэрбум төгрөгөөр барих төлөвлөгөөтэй байсан ч төсөв нь нэмэгдэж, 32 тэрбум төгрөг болж 2022 оны улсын төсөвт суусан байгаа юм. Иймд ихэнх иргэдийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хөшөөний төсөвт “хориг” тавихыг шаардаж эхлээд байна.