УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дагрга Г.Занданшатар хоёр асуудлаар онцолж байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал, тэрбээр "Нэгдүгээрт, сүүлийн үед "Хаан" банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр их гарч байна. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаар худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулан нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг авах нь хуулиар хатуу хориотой. Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдөл өгч, ажлаа хүлээлгэж өгөөрэй. Хатуу анхааруулж байна.
Хоёрдугаарт, бодлогын асуудлаар Засгийн газраас хараат бус байх загвараар хуулиуд хэрэгжиж байгаа. Монголбанкны нэг эрхэм зорилго бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй" гэв.