Ардчилсан намаас долоон хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 ээлжит мэдээллээ хийдэг. Энэ удаагийн мэдээлэлд тус намын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцож, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тус намын дарга М.Тулгат “Жил бүрийн 12-р сарын 10-ыг Олон Улсын Хүний Эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. Ардчилсан намын зүгээс ирэх 12 дугаар сарын 6-10-ны өдрийг хүртэл “Хүний эрхийн Үндэсний чуулган” нэрийн дор намын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганаар сүүлийн жилүүдэд хамгийн хурцаар тавигдаж буй хүний эрхийн асуудлыг “малгай” болгон хэлэлцэх юм” гэв.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь “No Double стандарт хөдөлгөөний гишүүдийн хүсэлтээр УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж УИХ-ын 36 гишүүний дэмжлэгийг авч чадсан. 36 гишүүний гарын үсэг бүхий албан ёсны нийтийн сонсгол хийх тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулах ажиллагаа явуулж байна. Хэрэв маргааш Даргын зөвлөлийн хурлаар оруулж чадвал ирэх долоо хоногт жагсаал, цуглаан хийх хуулийн өнөөг хүртэлх хэрэгжилтээр УИХ дээр нийтийн сонсгол хийх болно.
- 12 дугаар сарын 6-нд АН-ын үүсгэн байгуулагдсан өдөр. Энэ өдөр бид өмнө нь хийж байсан бүсийн чуулгануудыг дүгнэн, 1206 төлөөлөгчтэй үндэсний намын дотоодын чуулганыг тэмдэглэнэ.
- 12 дугаар сарын 10-нд олон нийтэд хандсан чуулган зохион байгуулна. Тодруулбал, Үндсэн хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байгааг, мөн хүний эрх зөрчигдсөн кейсүүдийг авч хэлэлцэн олон нийтэд хандсан үндэсний чуулган болох юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Хүн итгэл үнэмшилтэй байх, тайван жагсаал цуглаан хийх үндсэн эрхтэй гэж Үндсэн хуулиараа баталгаажуулсан хэдий ч энэ жил хамгийн их уг эрхийг зөрчсөн, нухчин дарах гэж оролдсон, үзэл бодол, итгэл үнэмшлээ сошиал орчинд илэрхийлсэн иргэдийг баривчилгаа, шорон гяндангаар айлгасан жил боллоо. Үндсэн хууль дээр хүн бүр шударгаар өмчтэй болох эрхтэй, чөлөөт зах зээлийг дэмжих бодлогыг зарласан боловч эрх баригчид “Чөлөөт зах зээл гэж байхгүй” гэж зарласан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан Үндсэн хууль руу хийж буй үйлдэл, хэлж байгаа үг, авч хэрэгжүүлж байгаа бодлогоороо шууд заналхийлсэн. Тиймээс бид ардчиллын 30 жилийн ололт, амжилтыг дүгнэх хэрэгтэй. Зарчмын асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй. Зөвхөн намын дүрэм журмыг өөрчлөөд сайжрахгүй. Улс төрийн намуудын санхүүжилт, гишүүнчлэл, бүртгэлийн асуудлыг, өөрчлөх хэрэгтэй. Улсын дээд шүүх нам бүртгэдэг тогтолцоо цөөн хэдэн социалист орнуудад л байна. Энэ мэт бид социализмаас өвлөгдөж ирсэн маш олон зарчмаасаа салахгүй бол Монгол Улс цааш явахгүй” гэв.
ҮЗЭХ: