Монголчууд эрт үеэс малын төлийг өнчрөх, гологдоход зан ааш, шинж төрх, дуугарах авианы онцлогт нь тохируулан өөр эх малд авахуулдаг зан үйл хийж ирсэн. Тухайлбал, хонь ямаа майлахыг дуурайн түшгэрэх, уянгын аялгуугаар тойглох, зузуулах, тэмээ буйлахыг дуурайн хөөслөх, тоорлох, адууг гурийлах, үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, сугайлах зэргээр өвөрмөц хэллэг аялгууг бий болгон малаа өнчрөх үед өөр эх малд авахуулж “тайтгаруулдаг”.
Мөн мал байгалийн зөнгөөрөө өөр эх малын сүүг хөхөх нь бий. Энэ үзэгдэл ихэвчлэн бог малд ажиглагддаг. Тэгвэл Дорнод аймгийн Булган суманд том болсон тэмээ үнээ хөхөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон хүнийг гайхшруулаад байна. Тиймээс бид тус тэмээний эзэн М.Эрдэнэбаттай холбогдож, ярилцлаа.
-НЯЛХ БОТГО БАЙХААСАА ҮНЭЭ ДАГАЖ ЯВСААР НЭГ МЭДЭХЭД ТУГАЛТАЙ ЗЭРЭГЦЭЖ СҮҮГ НЬ ХӨХДӨГ БОЛЧИХСОН-
-Сайн байна уу. Цахим сүлжээнд том болсон тэмээ, үнээ хөхөж буй бичлэг цацагдаж олон хүнийг гайхшруулаад байгаа. Тэмээг ботго байхад нь зориудаар үнээнд авахуулсан юм уу?
-Сайн. Сайн байна уу. Тэмээг зориудаар авахуулаагүй ээ. 2019 оны хавар манай энд айхтар цасан шуурга болсон. Тэр үеэр ботгоны эх нь үхчихсэн юм. Дөнгөж төрсөн нялх биетэй байсан учраас хаврын шуургыг тэсээгүй байх. Ингээд ботго өнчирч хоцорсон учраас бид гэртээ авчран үнээний сүүгээр угжиж эхэлсэн. Гэтэл нэг мэдэхэд л өөрөө үнээ “хулгайлж”, сүүг нь хөхдөг болчихсон байсан. Сүүг нь хөхөж өссөн болохоор амтанд нь болдог юм уу, нялх байхаасаа үнээ дагаж, тугал эхийгээ хөхөнгүүт зэрэгцэж хөхсөөр байгаад дасгачихсан. Түүнээс биш зориудаар авахуулаагүй.
-Хэр удаан хугацаанд угжсан юм бол?
-Долоон сартай байхад нь эх нь үхчихсэн юм. Бид гэртээ авчраад бараг нэг жил гаруй тэжээсэн. Эхнэр маань үнээгээ саачхаад угжина. Хүү маань угжина. Эхэндээ 500 граммын саваар угждаг байсан бол том болоод ирэхэд нь 2 литрийн саваар угждаг болсон.
-Үнээнд ер нь өөр амьтны төл авахуулах нь хэр түгээмэл байдаг юм бэ?
-Ер нь ихэвчлэн бог мал, тухайлбал эх нь үхчихсэн, эсвэл эхдээ гологдсон хургыг ямаанд авахуулах, эх хонинд ишиг авахуулах тохиолдол түгээмэл байдаг. Яг үнээ ботго хөхөж өсөхийг би бол анх удаа харж байна/инээв/.
-Үнээ өөр амьтны төл ирээд сүүг нь хөхөхөд хажиглаж, уурлахгүй юу. Эсвэл амьтны араншингаас шалтгаалдаг юм болов уу?
-Тийм ээ. Ер нь үхэр их номхон амьтан шүү дээ. Тэр үнээ ч их номхон, дөлгөөхөн амьтан болохоор хажиглалгүй хөхүүлчихдэг.
-Үнээ тугалтай юу?
-Тугалтай. Тугал нь эхэндээ эхийгээ харамлаж, хажиглаж байсан. Сүүлдээ тоохоо больчихсон. Хүнээр яривал ах, дүүгээ л гэж бодсон байх/инээв/. Ботго өөрөө их сэргэлэн. Тугал нь цадангуут зай завсраар нь орж, хөхсөөр байгаад сурчихсан.
-СААЛИЙН ҮНЭЭТЭЙ ХАМТ ЯВСААР БАЙГААД ЭХИЙГЭЭ ГЭЖ БОДДОГ БОЛЧИХСОН ЮМ ШИГ БАЙГАА ЮМ-
-Ингэхэд зурган дээр их том биетэй, бараг нас бие гүйцсэн тэмээ юм шиг харагдаж байсан. Хэдэн настай тэмээ юм бэ?
-Тийм, тийм. Одоо торомны ах гэсэн үг. Бараг гурван нас хүрч байна. Харин үнээ нэлээн харьж байгаа, хөгшин амьтан байгаа юм. 10 гаруй настай байх.
-Ботго хэдэн нас хүртлээ эхийнхээ сүүг хөхдөг юм бэ?
-Ботго ер нь нэг нас хүртлээ эхийнхээ сүүг хөхөж өсдөг. Тэр тэмээ маань одоо хааяа нэг үнээний сүү хөхөж харагддаг.
-Одоо тэмээ ижил сүрэгтэйгээ хамт бэлчээрлэдэг үү?
-Үгүй ээ. Ижил сүрэгтэйгээ хамт явахгүй. Үхэр өглөө зэлээсээ гараад орой буцаад ирдэг. Харин тэмээ бол өөр. Хариулгагүй хэдэн өдөр, хэдэн сараар хол бэлчээд явчихдаг. Хааяа нэг гол руу ирж усаа уучхаад буцаад яваад өгнө. Тариа хийх, хавар ботголоход нь л бид гэрийн гадаа авчирч аргамжина уу гэхээс барагтаа ирдэггүй амьтан шүү дээ. Тиймээс ботгыг эхний жил гэрээр тэжээсэн юм. Үхэртэй ойр байлгаад, үхрийн сүүгээр угжаад байнгуут дасчихсан. Өөрөө тэмээ мөртлөө тэмээн сүргээ мэддэггүй. Саалийн үнээтэй хамт явсаар байгаад эхийгээ гэж боддог болчихсон юм шиг байгаа юм.
-Ижил сүрэгт нь нийлүүлэх үү?
-Ирэх хавраас холбоно гэж бодож байгаа. Өөрөө охин тэмээ байгаа юм.
-Та Дорнод аймгийн уугуул уу?
-Тийм ээ. Би уяач хүн. Морь уяад 10 гаруй жил, мал маллаад 35 жил болж байна.
-Танайх өмнө нь ботго гэрээр тэжээж байсан уу?
-Үгүй ээ. Анх удаа гэрээр тэжээсэн. Ботго их өрөвдөлтэй амьтан. Эх нь үхсэнийг зөнгөөрөө мэдчихдэг юмуу том, том нулимс унагаад, алсын бараа ширтээд л буйлаад байдаг. Тиймээс л гэрээр тэжээсэн юм.