ХӨШИГНИЙ АРД: Д.Гантулга МЗХ-г хуваан "зодолдуулж" буй бол нам дээр Н.Цэрэнбат, Н.Батсүмбэрэл тэргүүтнүүд МАНЗХ гэх тусдаа холбоо байгуулжээ

ХӨШИГНИЙ АРД: Д.Гантулга МЗХ-г хуваан "зодолдуулж" буй бол нам дээр Н.Цэрэнбат, Н.Батсүмбэрэл тэргүүтнүүд МАНЗХ гэх тусдаа холбоо байгуулжээ

МАН-ын залуус дөрөв хуваагдан үзэлцээд эхэлсэн тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Тодруулбал, Монголын залуучуудын холбоо болон Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ тус бүрдээ хоёр хуваагдан гишүүдээ хуваан булаацалдаад эхэлжээ.

-МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГААС БОЛЖ ХУВААГДЖЭЭ-

Бүх явдал эндээс эхтэй.

Саяхандаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “том толгойлж” бусадтайгаа зөвлөлдөлгүй дэд ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг томилсон байна. Түүний гаргасан дээрх шийдвэрийг тус холбооны гишүүн залуус эсэргүүцэж эцэстээ энэ асуудал О.Гэрэлт-Одоосоо хариуцлага нэхэх, огцруулах асуудлыг хөндөх хүртэл хурцаджээ. Гол шалтгаан нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон, нийгэмд нэр хүнд муутай нэгнийг Монголын залуучуудын холбоонд “нааж” бүр албан тушаалд томилсныг эсэргүүцэж буй аж. Цаашлаад О.Гэрэлт-Од нь Залуучуудын холбооны байр байрладаг хашаан дотор барилга бариулж орхисон нь огцруулах асуудлыг сөхөхөд  бүр “сайхан” түлхэц болж өгчээ.

Харин О.Гэрэлт-Од амар бууж өгөлгүй үзэлцэж дэргэдээ нэг дүүрэг, нэг аймгийн залуусын холбоогоо авч, дагуулжээ. Бүр огцрохгүй хэмээн гүрийж тусдаа үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоогоор хүчээ зузаатгасан гэх. Түүний нүүр бардам үзэлцэж буй гол шалтгаан нь намынхаа залуучуудын холбоог өөрийн талд оруулсанд л байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүнд НАМЗХ хүч нэмж буй учир нэлээн “том” байгаа гэх.

Ийнхүү О.Гэрэлт-Од өөртөө итгэлтэй давхиж байх хооронд эсрэг талд Монголын залуучуудын холбооны Удирдах хорооныхон бүх аймаг, дүүргийн салбар хороодоо нэгтгээд  ерөнхийлөгчөөрөө одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатараа томилчихжээ. Тэд нөгөө хэдээсээ тусдаа үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хуралдаж О.Гэрэл-Одоо ерөнхийлөгчөөс нь огцруулсан байна.

Ийнхүү нэг нь огцруулсан нөгөө нь огцроогүй гэж хоёр талд үзэж тарж, үсэрч наалдаж эцэст нь хэн нь хэнийгээ огцруулсан, хэн нь хууль ёсных зэрэг нь тодорхойгүй хэвээр байгаа нь үнэн.

Ямартай ч өөрсдийгөө хууль ёсны болгох, эрх мэдлийг авахын тулд хоёр тал хоёулаа ИДЭВХТЭЙ ажиллаж эцсийн цэгт “ах” нар дээрээ очиж хайнаагаа хагалуулахаар ажиллаж байгаа аж. Харамсалтай нь ах нар нь хайнаа хагалах нь бүү хэл дагаж хоёр хуваагдаад хөнгөн асуудалтай байгаа гэх.

Тодруулбал, О.Гэрэлт-Од, Д.Гантулга нар УИХ-ын гишүүн НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учралыг налж, учирлаж гуйж яваа бол нөгөө талд Б.Сэргэлэнбаатар нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазарыг царайлчилж дэмжүүлэхээр гүйж байгаа гэх мэдээлэл байна.

Хамгийн сонирхолтой нь О.Гэрэлт-Од, Б.Сэргэлэнбаатар нар нь хоёулаа Х.Нямбаатар, Д.Сумъяабазартай улс төрийн нэг баг, ойр ажиллаж тусалж явсан, Сонгинохайрханы МАН-аас гаралтай хүмүүс гэгдэх. Харин Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар дээрх хоёр залуугаасаа Б.Сэргэлэнбаатарыг нь дэмжиж буй аж. Ингээд дээрх хоёр залууг дагаж Н.Учрал, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар хуваагдсан гэсэн үг.

Тэдний зарим нь “Б.Сэргэлэнбаатарыг томилуулахгүй. Нэрийг нь татуул” гэж нөгөөдөө үг хаяж буй бол нөгөөдүүл нь “Чадахгүй” хэмээн хэрэндээ гэдийж бяцхан улс төр өрнөж буй аж.

-САЙД АСАН Н.ЦЭРЭНБАТ, ЧД-ИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ НАР МАЗХ ГЭХ БАЙГУУЛЛАГЫГ ТУСАД НЬ БАЙГУУЛСАН БАЙНА-

Ерөөс МАН дотор 35-45 насныхан харьяалах газаргүй байна гэх  шүүмжлэл их өрнөж байгаа. Уг “бослого”-ын үеэр ч энэ тухай шүүмжлэл, маргаан өрнөж залуусын холбоогоо цэгцлэе гэдэг рү рүү анхаарч байгаа гэв. Тиймдээ ч давхар, давхар асуудал үүсч, дээрх хуваагдлаас тусдаа сайд асан Н.Цэрэнбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн АСАН Д.Гантулга нар Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос тусгаарлан Монголын ардчилсан залуучуудын холбоо МАНЗХ гэгчийг байгуулж 35-45 насны залуусаа татаад эхэлжээ. Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан,  НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нарын залуус нэгдэж НАМЗХ-ны толгой байгууллагаар “YES Mongolia” ТББ-г бүртгэж мөн л 35-45 насны залуусаа оруулахаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Ингээд дээрх хоёр байгууллагын аль нь залуусаа нэгтгэж базаж чадах, багцлах вэ гэдэгт анхаарал хандуулж өрсөлдөөнийг эхлүүлсэн байна. Гэхдээ МАН-ын дэргэдэх албан ёсны байгууллага бол НАМЗХ гэдэг нь тов тодорхой юм. Харин бусад нь ямар зорилготой холбоо байгуулж буй нь анхаарал татаж байна.

Эндээс логикгүй нэг зүйл харагдана. Тэр нь Монголын залуучуудын холбооны хуваагдал дээр нэг талд гарсан Н.Учрал, Д.Гантулга нар намын залуучууд дээр хоёр хуваагдчихаж байна. Инээдтэй нь, намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэт “ах” нар нь залуусаа анхааралтай ажиглаж, тоохгүй цаашлаад даапаалах маягтай байгаа гэх.