Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн барьсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн /2021.11.18-19/ чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталж, 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн бөгөөд үүгээр жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын болгосон. Тодруулбал, заавал албан журмын даатгалд хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлдэг 15 компани бий. 2020 оны байдлаар манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 900 мянга орчим байгаагаас одоогийн байдлаар 650 мянга нь тус даатгалд хамрагджээ. 

“Жолоочийн даатгалын тухай хууль” 2012 оноос хэрэгжиж ирснээс өнөөдрийг хүртэл зам тээврийн ослоос учирсан 230 гаруй мянган тохиолдолд 121,9 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын салбар нөхөн төлбөрт олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг л нөхөн төлбөрт зориулжээ.

Дээрх компаниуд албадлагын аргаар жолооч нараас мөнгө хурааж, ашиг орлого болгож байна хэмээн үзэж Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөлд ТӨР ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БАЙГУУЛЖ, түүгээр дамжуулан даатгалын компанийн үйл ажиллагааг явуулах тухай тусгав. Энэ нь иргэд болон даатгалын компаниудын эсэргүүцэлтэй нүүр тулаад буй. Даатгалын компанийн төлөөлөл тус хуулийн төсөл даатгалын салбарыг булшилна хэмээн мэдэгдэж, даатгалын салбарыг төрд авахаар санаархаж байна гэлээ.

Өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.