Хятадын иргэнийг зодсон гэх Б.Дэлгэрсайхан гишүүний асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас албан мэдэгдэл гаргахаар төлөвлөжээ

Хятадын иргэнийг зодсон гэх Б.Дэлгэрсайхан гишүүний асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас албан мэдэгдэл гаргахаар төлөвлөжээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл цацагдсан.

Энэ асуудалтай холбоотойгоор БНХАУ-ын Элчин сайдын яамнаас албан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ.Энэ бол худлаа мэдээлэл" хэмээгээд байгаа. 

Энэ нь хэрэг замхрах, цаашлаад Б.Дэлгэрсайхан нь төрийн өндөр албан тушаалтан учраас БНХАУ-ын иргэний буруу болж, хэргийг үнэн зөв шийдэхэд хүндрэл гарах магадлалтай байгаа аж.

Тиймээс БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Гадаад хэргийн яаманд хандаж, "Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөх"-ийг хүсэж, албан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа юм байна.    

Ташрамд өгүүлэхэд, Тус хэргийн хохирогч гэгдэг буй БНХАУ-ын иргэн нь Засгийн газрын гэрээгээр Олимпын гүүрийг барьж байгаа нэгэн юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тухайн иргэнийг хэд, хэдэн удаа дуудаж, уулзах хүсэлт тавьж байсан учир Чингэлтэй дүүргийн Теди төвийн урд байрлах "BTEG" гэх ажлын байран дээрээ дуудаж уулзсан байдаг. Улмаар тэдний хооронд маргаан үүсэж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодсон. Тиймээс 17 цагийн орчимд Цагдаагийн байгууллага болон Яаралтай түргэн тусламж дуудаж, улмаар ГССҮТ-д очиж тусламж авсан болохыг эх сурвалж мэдээлсэн. 

Түүнчлэн БНХАУ-ын иргэний зүүн хөлийн шилбэ нэлээд гүн зүсэгдэж, оёдол тавиулсан бол баруун хөлийн өвдөг, хамрын яс нь хугарсан болохыг мэдээлсэн байдаг. 

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа болохыг ч онцолсон.