Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцааг худалдан авсан байж болзошгүй ЭЗЭН-г танилцууллаа

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцааг худалдан авсан байж болзошгүй ЭЗЭН-г танилцууллаа

ХААН банкны хувьцаа зардагдсан эсэх, үүнийг хэн авсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гол сэдэв болоод байгаа.
 
Эл асуудлыг олны анхааралд авчирсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тус хувьцааг авсан байж болзошгүй эрхмүүдийг бүртгэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад тус эздийг дараах байдлаар дэлгэжээ.
 
Тэрбээр "ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ. Цэвэр мөнгөөр авсан уу гэж асуусан. Энэ асуултын дараа үйл явдал 2 сценарийн аль нэгийн дагуу өрнөх байсан.
 
Эхнийх нь үнэхээр яриад байгаачлан ЯПОН худалдан авсан бол Монголбанк японы холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх тодруулгыг аваад бүх зүйл ном журмын дагуу боллоо гэдэг тайлбар УИХ-д ирүүлээд хэл амгүй дуусах байлаа.
 
Харамсалтай нь ийм юм болсонгүй. Хоёр дахь сценарийн дагуу буюу хэл амтай үйл явдал өрнөж байгаа нь ЯПОНы цаана тодорхой монгол ЭЗЭН байгааг харуулж байна. Буруу юм болж байна гэж хэлсэн хүнийг харлуулах, гүтгэх, доромжлох гээд нэг л танил технологи. Танил технологи ч ЭЗЭН-ээ бариад өгч байна. Намайг адлаад яах вэ дээ? Ямар адлуулж үзээгүй биш, адлахаар агшдаг хүн биш ээ, би. Бурууг буруушааж явсаар байх болно.
 
Өрнөж буй үйл явдалд тулгуурлан боломжит ЭЗЭН-г бүртгэж байгаа гэсэн. Бүртгэлээ танилцуулъя:
 
1. Ална, тална, би ёстой цэвэрхэн, намайг шалгаарай. Энэ бол “юун гуя” ЭЗЭН.
 
2. Ч.Хүрэлбаатар ХААН банкыг ҮАБЗ-д хэлэлгүйгээр том толгойлон Баатарсайханд авч өгөх гээд чадаагүй, одоо гай болж байна гэсэн ЭЗЭН. Уг нь Савада хувьцаагаа зарвал бусад хувьцаа эзэмшигчиддээ, түүний дотор Ц.Баатарсайханд санал болгох хуультай. Миний хэрэг үүнд огтхон ч хэрэггүй. Юуг ч хамаагүй ҮАБЗ-тэй холбоод ярьчихдаг хэсэг хүн бий. ЭЗЭН бол тэдний нэг.
 
3. Төрийн зарим мөнгө арилжааны банкууд болон Хөгжлийн банканд бий. Арилжааны банк дахь төрийн мөнгийг буцааж өгөхгүйгээр луу унжиж ХААН-ы хувьцаанаас авах санаатай ЭЗЭН.
 
Бас Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцааж төлөхгүйгээр мөнгө хуримтлуулж ХААН-ы хувьцааг авах санаатай ЭЗЭН. Хөгжлийн банк олгосон зээлийнхээ хойноос хэр хөөцөлдөж байгаа бол? Дахин мөнгө шамшигдуулах арга хайж байна уу? Энд учир их бий.
 
4 . “Гадаадын хөрөнгө оруулагч” ЭЗЭН. Энэ ЭЗЭН бол “Чи яг хэн юм бэ?” гээд намайг асуухаар их сандардаг. Сандрахад нь өмнөөс нь “нөгөө хэдэн ЭЗЭН” хэвлэлийн дайнд морддог. Эздүүдийн хооронд шилжих мөнгө мөрөө үлдээж л таарна. Удахгүй монгол дахь мөр нь тодорно доо, тодорно.
 
ЭЗЭН ил гарах бэлтгэлээ базааж байгаа бололтой, монголчууд л авах ёстой гээд яриулаад эхэлчиж. Тийм ээ, гэхдээ төрөөс хулгайлсан мөнгөөр биш шүү. Мөнгөний эх үүсвэрээ ил тод тайлагнахгүй бол мөнгө угаалтын саарал, хар жагсаалт энүүхэнд.
 
Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Даравч далдайдаг, булавч бултайдаг даа уг нь" хэмээжээ.