ХӨСҮТ-ийн байрны засварт НЭГ ТЭРБУМ төгрөгийг төсөвлөжээ

ХӨСҮТ-ийн байрны засварт НЭГ ТЭРБУМ төгрөгийг төсөвлөжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. 

Тэрбээр энэ талаар ярихдаа “Байдал маш хүнд байна. Сэхээний тасгийн тааз нурж унахад бэлэн байна. 1986 оноос хойш засвар хийгдээгүй байна. Эмч нарын амрах байр маш тохь тухгүй байна. Удахгүй батлагдах 2022 оны улсын төсөвд ХӨСҮТ-ийн асуудлыг заавал оруулж, шийдүүлэхгүй бол болохгүй нь. ХӨСҮТ-ийн 23 барилгад 2013-2019 онд ердөө 1,1 тэрбум төгрөг өгсөн. Энэ мөнгөөр засвар хийж хүрэлцэхгүй. Энэ эмнэлэг цахилгаан шатгүй тул хүнд өвчтөн, нас барах хүмүүсийг эмнэлгийн ажилчид өөрсдөө үүрч, тэвэрч зөөж байна.

Сангийн сайд 3.2 тэрбум төгрөг гаргаж, цахилгаан шатны санхүүжилтыг шийдсэн ч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна.

Мөн ХӨСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудал нь  цэвэрлэх байгууламж юм байна. Сантехникийн засвар хийхгүй бол тэр байшин нурж унахад бэлэн байна. Тиймээс 2022 оны төсөв хэлэлцэхээс өмнө холбогдох байгууллагуудад хандаж, энэ асуудлыг тавина” хэмээн мэдэгдэнэ байсан билээ. 

Тэгвэл ирэх оны төсөвт ХӨСҮТ-ийн байрны засварт НЭГ ТЭРБУМ төгрөгийг суулгажээ. 

Одоо цэвэрлэх байгууламж, агааржуулалтын хоолойг шинэчлэх ажлыг хийх ёстой. Учир нь сүрьеэгийн тасаг зэрэг зарим тасгийг тусгаарлах зайлшгүй шаардлага бий. Нэг тэрбумаар олон ажил хийнэ. Яахав чамлалттай ч нэг тэрбумыг суулгаж чадлаа гэж С.Одонтуяа гишүүн мэдэгджээ. Ташрамд дурдахад, ХӨСҮТ-ийн шинэ байрны барилгын ажлыг ирэх оноос олон улсын төслийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн ювм.