Виртуал хөрөнгийн хууль батлагдаж гартал шинээр койн гаргахгүй байхыг чиглэл болголоо

Виртуал хөрөнгийн хууль батлагдаж гартал шинээр койн гаргахгүй байхыг чиглэл болголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Энэ үеэр цөөнгүй гишүүд койны эрсдэлийн талаар хөндөв. Манай улс энэ харилцааг зохицуулсан хууль эрхзүйн орчингүй бөгөөд эрсдэл үүсвэл маш олон иргэд их хэмжээний хөрөнгөөр хохирох нөхцал байдал үүссэн гэж УИХ-ын зарим гишүүн хэлсэн юм. 

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачлан, өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн хууль батлагдаж гартал шинээр койн гаргахгүй байхыг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо. Тодруулбал тэрбээр “Монголбанк, СЗХ хороо койны асуудлаар хариуцлага хүлээхгүй гэж хэлэх хангалтгүй байна. Койны асуудал хэрээс хэтэрч байна. Хүмүүс цалингаа урьдчилж аваад койн авч байна. Бараа материалын мөнгөө койн болгож, бөөнөөрөө хоосрох аюул их байна. УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байх үеэрээ анхааралдаа авах шаардлагатай гэсэн санал их ирж байна. Тиймээс виртуал хөрөнгийн хууль эцэслэн гартал шинэ койн гаргаж, шинэ бирж нээхийг хязгаарламаар байна.

Одоо гарсан койнуудын эрсдэлийг удирдах ажлуудыг илүү анхаарч, шинээр гаргахыг хязгаарлахгүй бол хэт хавтгайрах нь эрсдэлтэй. Сүүлд нь эрсдэлийг хянан зохицуулаагүй эс үйлдэл гэж буруутгагдана” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Виртуал хөрөнгийн тухай хуулийг УИХ ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх юм.