Ш.Адьшаа УИХ-ын даргаас уучлалт гуйж, Ж.Ганбаатар гишүүнийг магтав

Ш.Адьшаа УИХ-ын даргаас уучлалт гуйж, Ж.Ганбаатар гишүүнийг магтав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай буюу хоёр яам шинээр байгуулах хуулийн төслийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-ын дарга Г.Занданшатараас уучлалт гуйж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг магтав. 

Тодруулбал, тэрбээр өнөөдөр “Г.Занданшатар даргаа миний үгийг битгий таслаарай. Санал бодлын зөрүүнээс болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тань руу хандаж, ширүүн дориун үг хэлсэндээ хүлцэл өчье. Үүнд авах, гээхийн ухаанаар хандаж, хүлээж аваарай” хэмээн даргадаа хандлаа.

Харин үргэлжлүүлэн “Хоёр яам байгуулахыг дэмжиж байгаа ч зарчмын хувьд хэн удирдах вэ. Ямар хүнээр удирдуулах вэ гэдэг нь их чухал. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар эдийн засгийн хөгжлийн яамаа удирдуулах хэрэгтэй. Covid-19 цар тахлын дараа эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр Ж.Ганбаатар сайн ажиллах хүн” хэмээн магтсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах сургаар л сайд болно хэмээн санаархаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.