УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2002 онд УИХ-аас Хоршооны хууль гэж баталж байсан. Тухайн үед хувиараа үйл ажиллагаагаа явуулдаг хоршоодыг хөгжүүлэх, иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилго санааг агуулж байсан. 2006 онд хадгаламж зээлийн хоршоо гарч 30 гаруй мянган иргэнд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Тухайн үед хохирлыг барагдуулах чиглэлээр төр нэг удаагийн хууль гаргаж 50 хувийг нь барагдуулах хууль гаргаж байсан. Учир нь Хоршооны тухай хуулийг батлахдаа пирамид тогтолцооны луйвар хийх боломжийг хангалттай хааж өгөөгүй гэм буруугаа тэгж хуваалцсан байдаг. Тиймээс 30 мянган иргэний 60 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж байсан.
15 жилийн дараа койнтой холбоотой шинэ нөхцөл байдал яригдаж байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны өгсөн мэдээллээс харахад хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос 10 дахин их хүн, 10 дахин хөрөнгө эргэлдэж буй дүн байна. Энэ дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой дүр зураг ажиглагдаж байна. Хуулийн хувьд үнэр, мэдрэмж байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа ард иргэдэд анхааруулж байгаа. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин зохицуулалтгүй байгаа. Төвөгтэй харилцаа байгаа юм. Ард иргэддээ анхааруулж хэлье. Хууль эрх зүйн орчин байхгүй шүү. Эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү, араа өөрөө даана шүү. Төр зөвшөөрөл олгоогүй, бүртгэл байхгүй. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэдгийг хэлмээр байна" гэв.
ҮЗЭХ: