Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй 8000 хүн байхад 519 хүнийг хууль бусаар ТОМИЛЖ, ДАХИН шалгалт авах нь

Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй 8000 хүн байхад 519 хүнийг хууль бусаар ТОМИЛЖ, ДАХИН шалгалт авах нь

Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны шалгалт энэ сарын 15-ны өдөр эхэлнэ.

Энэ удаагийн шалгалтад 8313 иргэн бүртгүүлсэн байна. Үүний дотор нийслэлээс 4145 иргэн төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. 

Харин төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн 8000 гаруй иргэн байгаа аж. Тэд төрийн албанд орохоор нөөцөд байгаа ч өнөөдрийг хүртэл ажилд орж дөнгөөгүй, төрийн нүүр царайчлан суугаа.

Байдал ийн атал төрийн албаны шалгалт ч өгөөгүй “арын хаалгатай” нэг нь аль эрт төрийн сэнтийд заларч, удирдах албан тушаал хашаад амжжээ.

Тав бус 519 хүн төрийн албанд хууль бусаар томилогдсон гэдэг үнэхээр анхаарал татах тоо баримт. 

Төрийн албаны зөвлөл энэ бүхнийг илчлээгүй байсан бол улстөрчдийн томилгоо цааш үргэлжлэх байв. 

Нөөцөд бүртгэлтэй 8000 гаруй хүн ажилд ороогүй байхад дахин нөөц бүрдүүлэхээр шалгалт авах нь хэр зохистой вэ гэдэг мөн анхаарал хандуулах сэдэв болоод байгаа юм.

Түүнчлэн, энэ удаад коронавирусийн цар тахалтай холбоотой гэх шалтгаанаар төрийн албаны шалгалтын бүртгэлийн хугацааг сунгасан. Үнэндээ бүтэн сарын хугацаанд зарлагдсан төрийн албаны шалгалтын бүртгэлд хамрагдаж чадаагүй нэгний толгойг ийнхүү илж, дахин бүртгэлийн хугацааг сунгасан нь хачирхалтай. Төрийн алба хаших гэж буй нэгэн ийм хариуцлагагүй байна гэдэг бол ёс зүйн хувьд асуудал мөнөөсөө мөн.

Ямартай ч одоогийн байдлаар энэ удаагийн шалгалтад бүртгүүлэгчдийн мэдээллийг нягтлах, баталгаажуулах үйл явц үргэлжилж буй аж. Шалгалтын хуваарийг энэ сарын 08-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалтын үйл ажиллагааг эхлүүлэх юм.