УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт нэр холбогдож прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдээд байна. Мөн дахин нэг УИХ-ын гишүүн бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тодруулбал, "Зууны мэдээ" сонины өчигдрийн дугаарт энэ талаар онцолж, уг хэргийн хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэргээр бичсэн байна" гэсэн байв. Олон нийтийн дунд уг гишүүнийг Х.Болорчулууныг гэж байв.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хуулийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага, прокуророос асуу. Та нартай адилхан хэвлэлээс л мэдээлэл авлаа. Би өөрийгөө өмөөрч байгаа юм шиг айхтар тайлбар хийхгүй. Биет хүн бий бол тэр нь ярина биз. Нотлогдохгүй ээ. Хараарай" гэлээ.