УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд цаашид боомтуудад үүсэх асуудлуудыг шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлэхээр дээрх бүтцийг байнгын болгохоор Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулав.
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь хил, гаальд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин нийт байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүрэгтэй аж. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, төсөл дэх Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хяналтыг хариуцах талаар нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналыг боловсруулаад байгаа гэв.
Чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрмжийн ашиглалтын хяналтыг хариуцах асуудлыг нэмж тусгах тохиолдолд төслийг дэмжихээ УИХ-ын Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Мөн төслийн хэлэлцүүлэгт хилийн байгууллагын төлөөллийг оролцуулах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Улмаар санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.